Дубай хотод байгуулагдсан агаарын таксины анхны буудал ашиглалтад ороход бэлэн болжээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүгийн төв Дубай хотод эхэлсэн агаарын таксины анхны буудлын бүтээн байгуулалтын ажил дууссаныг эрх баригчид Пүрэв гарагт мэдээлжээ.
Тус улсын ерөнхий сайдын орлогч, Дубайн угсаа залгамжлах хунтайж Шэйх Хамдан бин Мохаммед бэлэн болсон “босоо чиглэлд хөөрөх, буух зориулалттай цахилгаан агаарын таксины өртөө”-тэй өчигдөр танилцсан юм байна.
Нийт 3,100 хавтгай дөрвөлжин метр талбайтай дөрвөн давхар барилга нь автомашины хоёр түвшний зогсоолтой, агаарын такси хөөрөх, буух хоёр тавцантай, цэнэглэгч станцтай ажээ.
Эмиратын эрх баригчид уг буудлаа “дэлхийд анхдагч” гэж тодорхойлсон байна.
Анхны буудал нь Дубайн олон улсын нисэх буудлын ойролцоо байрлаж байгаа бөгөөд агаарын таксины үйл ажиллагааны гол төв болж, жилд 170,000 хүртэл тооны зорчигчид үйлчлэх гэнэ.
Дубайд дахин гурван ийм буудал байгуулахаар төлөвлөжээ.
Агаарын таксины үйл ажиллагааг АНУ-ын Калифорни мужид төвтэй Joby Aviation компани зургаан жилийн хугацаанд онцгой эрхтэй хариуцан ажиллахаар болсон байна.
“Агаарын таксины дэд бүтцийг ашиглалтад оруулснаар шинэ, тогтвортой тээврийн хэлбэрийг нэвтрүүлж, Дубай хотын ирэх хэдэн арван жилийн бэлтгэлийг хангах чухал алхам болж байна” гэж Шэйх Хамдан мэдэгджээ.
Улсдаа хамгийн олон хүн амтай Дубай хот нь бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын төв болж чадсан юм.
Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд АНУ, Израилийн өдөөсөн дайны улмаас Ираны зүгээс Персийн булангийн орнуудад явуулж буй агаарын довтолгоонд өртөх болсон.
Одоогоор хоёр долоо хоногийн гал зогсоох дайтагч талуудын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
