Хермес төв орчмын нүхэн гарцын барилга угсралтын явц 21 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд буй. Эдгээрээс Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсон билээ.

Харин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, инженерийн шугам сүлжээний ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

зураг
 

Тус байршилд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ. Нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27,500 тээврийн хэрэгсэл нэвтрэх бөгөөд Энхтайвны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарчээ.

Дараагийн байршил болох “Хермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 21 хувьд хүрчээ. Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан бол барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж.

Нүхэн гарцны нэг талын их бие 2,200 орчим тоннын жинтэй, 38 метр урт, 3.5 метр өндөр, хоёр эгнээ авто замын хажуугаар явган хүний болон дугуйн зам баригдаж, хоногт 31,000 автомашин зорчих судалгаа гарчээ.

Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулж, газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж эхэлжээ.