Геологийн төв лаборатори орчимд нүхэн гарц барих газрыг бүрэн чөлөөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барих төсөл”-ийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил бүрэн дуусжээ. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбар өртсөн байна.

Тус байршлын нүхэн гарц нь 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам болон явган хүний, дугуйн замтай байхаар төлөвлөжээ. 

Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, харин инженерийн шугам сүлжээний ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх тээврийн хэрэгсэл заавал Гурвалжингийн гүүр болон Таван шарын нүхэн гарцаар явахгүйгээр шууд Яармаг, Нисэх рүү хүрэх юм байна.

Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарсан бол нүхэн гарцаар хоногт ойролцоогоор 27,500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх аж.

2022 онд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ЭКСИМ банктай 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг байгуулж, Улаанбаатар хотод дөрвөн нүхэн гарц барихаас Таван шарын буюу нэг л нүхэн гарц ашиглалтад орсон билээ.