Улаанбаатар хотын дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.
Тодруулбал Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн төмөр замын зоорь, Нарны зам-Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бол дөрөвдүгээр байршил буюу Нарны зам-Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “2022 оноос эхлэн дөрвөн байршилд нүхэн гарц барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнээс нэгдүгээр байршлын буюу Таван шарын нүхэн гарцын гол болон туслах замын хөдөлгөөнийг 2024 онд нээсэн. Явган хүний гарцыг анх нүхэн гарц хэлбэрээр 11 метрийн урттайгаар төлөвлөсөн. Гэвч тухайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас өгсөн саналын дагуу гүүрэн гарц болгон өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр дамжин өнгөрөх 90 метрийн урттай гүүрэн гарц барих зураг төслийг шинэчлэн боловсруулж, “Нью Синдикат” ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарц барих ажлыг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, явган хүний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Мөн тохижилтын ажлуудыг хийнэ.
Харин төслийн хоёрдугаар байршил Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн хоёр нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны есдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэн хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. Тус нүхэн гарцыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна.
Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны хоёрдугаар улирлаас авто замын барилгын ажлыг эхлүүлж, мөн ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна” гэж мэдээлэв.
Нүхэн гарцуудыг БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос барьж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!