Циркийн баруун талд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ жил Улаанбаатар хотын 12 байршилд нийслэлийн төсвийн  ₮26.5 тэрбумаар борооны ус зайлуулах шугам шинээр угсрахаар болоод буй.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт Тэсо компанийн урд,  Баянзүрх дүүрэгт усан спорт цогцолбор, 85а байр орчмын борооны ус зайлуулах шугамыг угсарч дууссан бол Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Циркийн баруун талд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлжээ. 

Циркийн баруун урд тал орчмын 150 метр урт борооны ус зайлуулах шугамын ажилд нийслэлийн төсвөөс ₮338.6 саяыг зарцуулна. Тус дүүрэгт одоо Сөүлийн гудамж, 5 дугаар хороолол орчимд борооны ус зайлуулах шугамыг угсрах төлөвлөлттэй.

Харин авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах цэвэрлэгээг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн өргөн чөлөө болон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжинд гүйцэтгэжээ. Ингэснээр шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах ач холбогдолтой байна.

"Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд ус зайлуулах шугам угсрах ажлыг гүйцэтгэж байгаа аж.