Ц.Батбаатар: Тэсо компанийн урд талын чулуун зам дагуу угсарч буй борооны ус зайлуулах шугамыг хичээл сургууль эхлэхээс өмнө дуусгана

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн шинээр 12 байршилд нийт 20 гаруй километр борооны ус зайлуулах шугамыг шинээр угсрахаар болоод буй. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт авто зам дагуух борооны ус зайлуулах шугамыг угсарч эхэлжээ.

Ус зайлуулах шугам угсралтын явцын талаар "Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ц.Батбаатар "Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар "Тэсо" компанийн урд талын чулуун зам дагуу хийгдэж буй 450м урт борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Борооны ус зайлуулах шугамыг хичээл сургууль эхлэхээс өмнө угсарч дуусгахаар төлөвлөсөн. Үүний дараа нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэнэ. Сурагчдын хичээл амарсан энэ үед авто замын хөдөлгөөн хаахад хөдөлгөөн сийрэг, ажил шуурхай үргэлжилж байна" гэв.

Уг байршлын борооны ус зайлуулах шугамыг угсрахад Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮286.9 саяыг зарцуулахаар баталжээ.

Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн дараах байршлын борооны ус зайлуулах шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг цэвэрлэж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулжээ.

  1. Баянзүрх дүүргийн 8, 13, 16, 43 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн академийн зам, 13 дугаар хороолол доторх шугам сүлжээ, Офицерын тойргийн авто зам
  2. Хан-Уул дүүрэгт Энгельсийн гудамж, Яармагийн гүүр
  3. Баянгол дүүрэгт Үндсэн хуулийн гудамж, Баруун үйлдвэрийн гудамж
  4. Сүхбаатар дүүрэгт Үндсэн хуулийн хуулийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугам.

Ахуйн хог хаягдлыг зориулалтын цэгт хаяж, нийтийн эзэмшлийн шугам сүлжээг бохирдуулахгүй байхыг тус газраас уриалав.