Өмнөд Солонгосын амьтны хүрээлэнгээс оргосон чоно 9 хоногийн дараа баригджээ
Өмнөд Солонгосын төв бүсийн Тэжон хотын амьтны хүрээлэнгээс оргосон чоно ес хоногийн дараа баригдаж, байрандаа хүргэгдсэнийг тус хотын албаны эх сурвалж өнөөдөр өглөө мэдээлжээ.
Нэүкгу нэртэй энэ чоно Сөүлээс өмнө зүгт 140 км зайд оршдог Тэжон хотын нэгэн замын уулзварын ойролцоо газраас шөнийн 12:44 цагт баригдсан байна. Чоно хотын энэ хэсгийн цэцэрлэгт харагдсан тухай мэдээллийг Пүрэв гарагийн оройн 5:30 цагийн үед эрх баригчид хүлээж авчээ.
Улмаар хэдэн цагийн дараа авто замын уулзварын ойролцоо байгааг нь илрүүлж, унтуулдаг сумаар буудаж барьсан байна.
“Бид чоныг O-World амьтны хүрээлэнд аюулгүй хүргэсэн. Одоогоор чонын биеийн байдал сайн, мэдээгүйжүүлэлтээс сэрэх хүртэл нь хяналтад байлгаж байна” гэж Тэжон хотын захиргаанаас мэдээлжээ.
Хоёр настай эрэгчин Нэүкгу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хашааныхаа доогуур нүх ухан оргосны дараа тус хотод нисгэгчгүй онгоц, олон зуун цагдаа оролцсон томоохон эрлийн ажиллагаа эхэлсэн юм.
Чоно хотын энд тэнд харагдсан тухай мэдээлэл хэд хэдэн удаа иргэдээс ирсэн ч өнөөдрийг хүртэл барьж чадаагүй байлаа.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
