Вьетнамын VinSpace анхны хиймэл дагуулаа 2027 онд хөөргөх гэрээг Илон Маскийн SpaceX компанитай байгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Вьетнамын сансрын технологийн VinSpace компани анхны хиймэл дагуулаа 2027 онд хөөргөх гэрээг Илон Маскийн SpaceX компанитай байгуулснаа Мягмар гарагт зарлажээ.

SpaceX компани өөрийн пуужингаар олон захиалагчийн хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

VinSpace компанийн хөгжүүлж буй хиймэл дагуулууд тэдний бизнесийн хэрэгцээнд ашиглагдах юм байна.

Тус компанийг Вьетнамын бизнесийн томоохон байгууллага болох Vingroup 2025 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулжээ.

Дөрөвдүгээр сард VinSpace өөрийн хөгжүүлж буй анхны хиймэл дагуулыг 2027 онд хөөргөх төлөвлөгөөг зарлаж байсан юм.

Тэрбумтан Фам Нхат Вуонгийн үүсгэн байгуулсан Vingroup нь Вьетнамын хамгийн том хувийн компанид тооцогддог.

Одоо тус групп үл хөдлөх хөрөнгө, жижиглэн худалдаа, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал гээд маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин, сансар, хиймэл оюун, робот зэрэг Вьетнам улсыг дараагийн Азийн бар болгох амбицтай салбаруудад маш их хөрөнгө оруулж байгаа.

Вьетнам улс анхны харилцаа холбооны хиймэл дагуулаа 2008 онд, дараа нь 2012 онд дахин нэгийг хөөргөж байжээ.

Одоо тус улс 2030 он гэхэд Зүүн Өмнөд Азийн дундаж түвшний сансрын технологитой улс болох зорилготой ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар сард SpaceX-ийн Старлинк үйлчилгээнд Вьетнам улс зах зээлээ нээж байлаа. Ажиглагчид үүнийг Трампын худалдааны тарифаас зайлсхийх зорилготой хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарлаж байв.

VinSpace компани SpaceX-тэй байгуулсан гэрээнийхээ дүн болон хиймэл дагуулынхаа тоог мэдэгдэлдээ дурдаагүй байна.

 

Эх сурвалж: Associated Press