Монгол Улсын газар нутгийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж байна
Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгджээ.
Уг судалгааг 2025 оны гуравдугаар сараас эхлэн цаг уур болон бусад холбогдох салбарын нийт 20 гаруй эрдэмтэн судлаачаас бүрдсэн баг 1991-2025 оны өгөгдөлд суурилан гүйцэтгэлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэв.
Цөлжилтийн төлөв байдлын судалгааг таван жил тутамд хийдэг бөгөөд 2020 оны судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн гэдэг дүгнэлт гарч байв. Харин 2025 оны судалгаагаар манай улсын газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөж байгаа нь тогтоогджээ.
Судалгааны үр дүнгийн талаар сайд Ц.Сандаг-Очир "Цөлжилтөд өртсөн газар нутгийн 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй нэрвэгдэж эхэлсэн байна. Мөн 42 хувь нь дунд зэрэг, 31 хувь нь сул, 18 хувь нь нэрвэгдээгүй гэж дүгнэлт гарсан.
Ийнхүү тайлангийн дүгнэлт гарснаар цаашид төрийн бодлого, хот төлөвлөлт, хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт хуваарилалт зэрэг бодлогын суурь баримт бичгийн мэдээлэл болох ёстой.
Цаашид төрийн бүх шатны байгууллагууд судалгааны дүнд үндэслэж цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ тодорхойлно. Богино хугацаанд эрт арга хэмжээ авахгүй бол жил ирэх тусам зуд, гангаас хамаараад газар тариалан, өвс ургамал, малын бэлчээр зэрэг сөрөг үр дагавар бий болж, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэнэ. Түүнээс улбаалан төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл гарч, иргэдийн тогтвортой амьжиргаа, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх л салбарт нөлөөлөх эрсдэлтэй" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
