Билл Гэйтсийн хөлөглөж ирсэн "Gulfstream G650ER" хувийн онгоцны тухай
Тэрбумтан Билл Гэйтс Монгол Улсад аялахаар өнгөрсөн долоо хоногт ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр Баян-Өлгий, Дундговь, Дорнод аймгаар аялах төлөвлөгөөтэй хувийн онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд газардсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Celebrity Private Jet Tracker сайтад бүртгэснээр Билл Гэйтс хувийн "Gulfstream" загварын хоёр онгоцтой. Эдгээрийн бүртгэлийн дугаар нь N887WM and N198WM. Харин энэ жилээс N887WM дугаартай онгоцны бүртгэлийн дугаараа шинэчилж N887GY болжээ.
| Онгоцны нэр | Gulfstream G650ER |
| Бүртгэлийн дугаар | N887GY, N194WM |
| Үйлдвэрлэгдсэн он | 2018 |
| Дээд хурд | 516 зангилаа буюу цагт 916 км |
| Нэг удаагийн түлшээр туулах зай | 13,900 км |
| Багтаамж | 19 зорчигч |
| Онгоцны баг бүрэлдэхүүн | 2 |
| Мотор | Rolls-Royce BR725 |
| Салоны загвар | Цагаан суурь өнгөтэй, алтан шаргал судалтай |
Билл Гэйтсийн хоёр онгоцны доторх зохион байгуулалт ямар байдаг талаар нийтэд ил болсон баримт алга. Харин G650ER загварын хувьд хамгийн ихдээ 19 зорчигч тээвэрлэх боломжтой. Гэхдээ доторх загварыг захиалагчийн хүсэлтээр гаргадаг тул зорчигчдын тоо ч үүнээс хамааралтай байдаг.
Харин уг онгоцны үзүүлэлтээс харахад тэрбумтан эр Сиатл дахь гэрээсээ шууд Буянт-Ухаад газардсан бол замдаа шатахуун цэнэглэлгүйгээр 10 цаг 30 минут нисэх юм.
Билл Гэйтсийн нэр дээр уг хоёр онгоцноос гадна "Bombardier Challenger 350s" загварын хувийн онгоц хоёр бий. 2015, 2017 онд үйлдвэрлэгдсэн уг онгоц нь ойрын зайд нисэх зориулалттай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



