МУИС, ШУТИС, АШУҮИС-д шинээр элсэгчийн нэг жилийн сургалтын төлбөр 6.1-6.8 сая төгрөг байна

Б.Мөнхтуяа, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалт, их сургуулиудын бүртгэл, оюутнуудын зуны амралтын үе дуусах дөхөж, хичээл сонголтын цаг хэдийн ойртжээ.

Оюутан суралцагчдын болон тэдний ар гэрийнхний хүнд даваа болдог зүйл нь сургалтын төлбөр байсаар ирсэн. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн дараах их сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Их Сургууль(МУИС)

МУИС-д шинээр элсэж буй нэгдүгээр түвшний оюутны ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр нь 203,700, мэргэжлийн суурь хичээлийнх 204,700 төгрөг болж нэмэгджээ. Энэ дагуу нэгдүгээр түвшний оюутан ерөнхий суурийн хичээлүүдээс дунджаар 30 багц цагийг үзэхэд сургалтын төлбөр нь 6,111,000 болохоор байгаа юм. Өмнөх жил МУИС-ийн шинэ элсэгчийн төлбөр нэг багц цаг нь 177,100-178,000 төгрөг байв.

Хоёр болон гуравдугаар түвшинд суралцаж байгаа оюутнуудын тус тусын салбарын мэргэжлийн суурийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөр 180,700-219,700 төгрөгийн хооронд байна. Өмнө жилийн төлбөртэй харьцуулахад 15,000 төгрөг орчим нэмэгджээ. 

Харин дөрөв болон түүнээс дээш түвшний буюу 2024 оны хичээлийн жилээс өмнө элсэгчдийн сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй аж.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(ШУТИС)

2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-д шинээр элсэгчдийн ерөнхий суурь, мэргэжлийн хичээлийн нэг багц цагийн төлбөр 209,000 төгрөг болж өмнө жилийнхээс 19,000 төгрөгөөр нэмэгдэв.

Харин архитектур, барилгын инженерчлэл, программ хангамжийн инженерчлэл, хиймэл оюун, интерьер дизайн зэрэг тэргүүлэх, эрэлттэй зарим мэргэжилд шинээр элсэгчийн нэг багц цагийн төлбөр 218,500 байна.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)

Элсэн орж буй мэргэжлийн ангиасаа хамаарч АШУҮИС-д шинээр элсэгчдийн нэг жилийн сургалтын төлбөр 3,520,000- 6,851,000 төгрөгийн хооронд байна.

Өмнө жилд шинээр элсэгч нэгдүгээр түвшний оюутны сургалтын төлбөр 3,200,000-5,440,000 төгрөгийн хооронд байжээ.

зураг
 
Нэмж дурдахад энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “COP17” хуралтай холбоотойгоор их сургуулиуд, коллежийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлэхээр зохицуулалт хийсэн билээ.