Р.Даваадорж: Төсвийн хэт тэлэлтийг сүүлийн 3-4 жилд хангалттай харлаа. Энэ нь инфляц 13 хувь хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. 

Хэдийгээр инфляцыг тогтворжуулж, зорилтот хүрээнд оруулахаар ийм шийдвэр гаргаж буй төсвийн бодлоготой уялдахгүй бол үр дүн багатай байх тул эрсдэлийг хэрхэн тооцож буй сэтгүүлчид тодруулаа.

Үүнд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Төсвийн урсгал зардлыг нэмэхгүй байх талаар санал зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлж байгаа. Үе үеийн сонгуулийн өмнө төсвийн зарлага тэлж, хуримтлагдсан асуудлыг үүсгэсэн" гэж хариулсан.

Мөн Мөнгөний бодлогын хорооны Хараат бус гишүүн Р.Даваадорж "Мөнгөний бодлого хэдий зөв байлаа ч төсвийн бодлого нь буруу тийш эргэвэл улс орны эдийн засаг хүнд нөхцөлд тулдаг жишээг бид харж байна. Энэ оны төсөв зургаадугаар сарын байдлаар 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвөө зөв томьёолж чадахгүй байгаагаас одоо тодотгохоор ярьж байгаа нь төсөв дээр том асуудал байгааг анхааруулж байгаа хэрэг. Мөнгөний бодлогын хороо инфляцыг бууруулахаар ажиллаж байгаа ч нөгөө талд дутагдалтай зүйл байгааг нуух хэрэггүй болов уу.

2027 оны төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Энд маш аймшигтай тоонууд бий. Жишээ татахад Боловсролын яаманд Засгийн газраас тогтоосон хязгаар нь 5.1 их наяд төгрөг байхад 8 их наяд төгрөгийн санал гаргасан. Бусад яам ч гэсэн 2-3 жилийн дотор хоёр дахин данхайсан төсвөө дахиад 50-аас дээш хувиар нэмэх саналтай байна. Энэ нь бидний гаргаж буй шийдвэрт сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Төсвийн хэт тэлэлтийг сүүлийн 3-4 жилд хангалттай харлаа. Энэ нь инфляц 13 хувь хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн" гэв.