Сирийн шүүх ерөнхийлөгч асан Башар аль-Ассадад эчнээ цаазын ял оноожээ
Сирийн шүүх Мягмар гарагт тус улсын ерөнхийлөгч асан Башар аль-Ассадыг 14 жил үргэлжилсэн иргэний дайны үеэр хүний амь хөнөөсөн, эрүүдэн шүүсэн, дур мэдэн баривчилсан зэрэг гэмт хэрэгт буруутгаж, эчнээ цаазын ял оноожээ.
2024 оны арванхоёрдугаар сард дэглэм нь унах хүртэл Ассадын гэр бүл Сири улсыг олон арван жилийн турш төмөр нударгаар захирч байсан юм.
Одоогоос бараг хоёр жилийн өмнө босогчдын зэвсэгт бүлэглэлүүд нийслэл Дамаск хотод ойртож ирэх үеэр Ассад гэр бүлийн хамт Москва руу зугтаж байв.
Мягмар гарагийн шүүх хурал түүний дэглэмийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдэд ял оноох зорилготой байжээ.
Ассадын аюулаас хамгаалах албыг удирдаж байсан Атеф Нажиб бас цаазын ял сонссон байна.
1965 онд төрсөн Ассад 2000 онд эцэг Хафезыг нас барсны дараа Сирийн ерөнхийлөгч болж байжээ. Түүний засаглалын эхний он жилүүд Иракийн дайн, Ливаны хямралтай давхцаж байсан бол 2011 оны Арабын Хавар хувьсгалаар ардчиллыг шаардсан ард иргэдийн жагсаалыг цус урсган дарсан нь иргэний дайны эхлэл болж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
