З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо
Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас өнөөдөр бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцуулав.
Үүнээс Монгол Улсын эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн тайланг онцлон хүргэе.
АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтөөр тооцвол 2026 онд Монгол Улсын эдийн засаг 7.7 хувь өслөө. Үүний 60 гаруй хувь нь уул уурхайн салбар болон уул уурхайн салбараас тээврийн салбарт үзүүлсэн дам нөлөө бүрдүүлэв. Эдийн засгийн 7.7 хувийн өсөлтийн 4.7 хувь нь уул уурхайн салбартай холбоотой байна.
Хөдөө аж ахуйн салбар эхний хагас жилд өсөлттэй гарсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн 1.4 хувийг бүрдүүлсэн. Үүнд мал аж ахуйн салбарын сэргэлт, төл бойжилт олон жилийн дунджаас сайн үзүүлэлттэй гарсан зэрэг нь нөлөөллөө.
Харин худалдааны салбар эхний хагас жилийн байдлаар 0.2 хувийн, зочлох үйлчилгээний салбар 1.2 хувийн уналттай байна.
Өрхийн хэрэглээ 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойших 18 улиралд анх удаа гарсан агшсан үзүүлэлт. Өрхийн хэрэглээ эхний хагас жилд өссөн дүнгээр 1.3 хувь нэмэгдсэн боловч хоёрдугаар улиралд агшсан байгаа нь анхаарал татаж байна. Энэ дотроо цалин хөлс өссөн хэдий ч өрхийн үйлдвэрлэлийн орлого буурсан. Хүнсний бус барааны зардал буурлаа.
2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харвал эдийн засгийн өсөлт нь гадаад эрэлтэд тулгуурласан, дотоод эрэлт сулрах хандлагатай байна гэж дүгнэж байна" гэсэн юм.
Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Оросын Холбооны Улс(ОХУ)-ын газрын тосны үйлдвэрлэлд доголдол үүссэнээс хойш дизель түлшний үнэ дөрөвдүгээр сард 34, есдүгээр сард 14 хувиар нэмэгдсэн. Автобензиний хувьд ОХУ-тай байгуулсан үнэ тогтворжуулах гэрээ дуусгавар болсноос хойш АИ92 бензиний үнэ долоодугаар сард 10, наймдугаар сард 6 хувиар нэмэгдээд буй бөгөөд евро 92 бензиний тухайд үнэ 60 хувь өсөөд байгаа.
Хүнсний ногооны ургац хураалт сайн байгаа нь инфляцын түвшнийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
