Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулагчийн Засгийн газартай холбоотой гомдол, саналыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталжээ. 

Энэ талаар шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын ардчилсан нээлттэй, гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй орон. 1990-2025 оны хооронд нийтдээ 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Улсаар нь авч үзвэл 44.5 хувийг Нидерланд, 12.6 хувийг БНХАУ, 8.2 хувийг Сингапур улс эзэлж байна. 

Уул уурхайн салбар 74.4 хувь, бөөний болон жижиглэн худалдаа 9.6 хувь, санхүү даатгалын үйл ажиллагаа 3.9 хувийг тус тус эзэлж байна. 

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг уул уурхайн салбарт татдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асуудал төрөлжөөгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үүнийг яаж төрөлжүүлэх, цаашдаа хэрхэн хөрөнгө оруулалтыг татах талаар төлөвлөгөөгөө хэлэлцсэн. 

Засгийн газраас таван чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах болно. Үүнд: 

  1. сэргээгдэх эрчим хүч,
  2. дата төв,
  3. нэмүү өртөг шингээх уул уурхайн салбар,
  4. хөдөө аж ахуй,
  5. аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах бодлого гаргасан. 

Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг батлахдаа Хөрөнгө оруулалтын хуулийг баталгаажуулсан. Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжоор хангана. 

Нэгэнт та Монгол Улсад хөрөнгө оруулсан тохиолдолд хөрөнгө оруулалт хамгаалагдана. Урт хугацаанд үр ашгаа аваад гарах боломж нөхцөлийг бий болгох агуулгаар хууль батлагдсан. Энэ хуулийг ажил хэрэг болгох зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг үйл ажиллагаа явуулж байна. 

Тус агентлаг цаашид энэ тогтолцоог бэхжүүлэх, дотоодод хөрөнгө оруулчихсан байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаална. Тэдний үйл ажиллагааг дэмжих байдлаар ажлаа уялдуулж байна. 

Гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагт ирүүлээд 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэлийг холбогдох яам, орон нутагт өгөх байдлаар зохицуулна. 

Маш олон гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хууль шүүхийн шатанд очоод гацдаг. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулагчид дайждаг бол энэ хуулийн орчинд Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг гомдлыг хүлээж аваад аль болох шүүхийн шатанд очихоос өмнө асуудлыг шийдэх чиглэлээр мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгнө. 

Дээрх таван чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд гаалийн албан татвараас чөлөөлнө. Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөл хэрэгжиж дууссаны дараагаас төлөх боломжтой. Томоохон хэмжээний аж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой.

Хамгийн чухал нь 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт Монгол Улсад хийсэн тохиолдолд 20 жилийн тогтворжуулалтын гэрчилгээ гаргаж өгнө. Ингэснээр томоохон хэмжээний хөрөнгө оруулагчид Засгийн газар солигдохоос үл хамаараад татварын орчин тогтворжиж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа" гэв.

ВИДЕО: