Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв
Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа.
Тус банкнаас манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий буюу эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээлээ.
Энэ талаар АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа тул төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болсон.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт учирч болох дөрвөн эрсдэлийг дараах байдлаар тодорхойлжээ.
- Шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрах эрсдэлтэй. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжих эрсдэлтэй.
- Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурна гэж тооцсон ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай.
- Төсвийн тэлэлт. Төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Хэдийгээр зардал нь өрхийн хэрэглээгээр дамжиж эдийн засагт эергээр нөлөөлөх боловч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл бий.
- Уул уурхайн орлогын савлагаа нь Монгол Улсын эдийн засгийн суурь эрсдэл. Гэхдээ тухайлан онцолж буй шалтгаан нь төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал Монгол Улсын эдийн засаг эмзэг болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
