АЙЧИ НАГОЯ 2026: С.Жамбалжамц бөөн гараанд IV байранд орлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Азийн наадмын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараа өндөрлөлөө.

Нийт 39 дугуйчин шандас сорьсноос манай улсаас С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Болор-Эрдэнэ нар оролцсон юм.

Цуваа гараанд өнгөлсөн Казахстаны Алексей Луценко 4:13:11 цагаар барианд орсноор Азийн наадмын долоо дахь алтаа авлаа. Дөрвөн жилийн өмнө нутгийнхаа тамирчны ард орж мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад хошой алтан медаль хүртэж байна.

Мөнгөн медалийг Казахстаны Евгений Федеров, хүрлийг Японы Юүхи Тодоми нар авлаа.

Харин манай тамирчин С.Жамбалжамц тэргүүлэгчээс +3:43 минутаар хоцорсноор дөрөвдүгээр байранд бичигдсэн бол Б.Тэгшбаяр +7:33 минутаар аравдугаар байранд жагсав.

Э.Болор-Эрдэнийн хувьд хоёр дахь гарааны дараа эмчийн тусламж авснаар замаа дуусгаж чадсангүй.

С.Жамбалжамцын хувьд цуваа гараанд хүрэл медаль хүртсэн нь одоогоор манай улсын Азийн наадмын авсан ганц медаль хэвээрээ байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд бөөн гараанаас хүрэл медаль хүртэж байлаа.