Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

А.Ням-Өлзий, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Сүүлийн нэг сарын дотор 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тэр бүү хэл хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод баавгай орж ирсэн байна гэдэг дуудлага бүртгэгдсэн. Энэ бол эрсдэлтэй үзэгдэл юм.

Энэ бол ган, хуурайшилт, идэж тэжээл хомстсон, ургац буурсантай шууд холбоотой гэж үзэж байгаа.

Мөн 1980-аад оноос хойш хүрэн баавгайн тооллого явуулаагүй байдаг. Тухайн үед 500 гаруй бодгаль байна гэдэг судалгаа гарсан. Түүнээс хойш 40 орчим жил ямар нэг судалгаа хийгээгүй.

Тиймээс ууланд алхдаг иргэд туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хадлан бэлдэж, ургац хурааж, самар жимс түүж, ан гөрөө хийж байгаа иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Байгаль хамгаалагчид маань улаан гараараа зарим нь явган, зарим нь мотоциклтэй байгаль орчны чиглэлээр хяналтаа тавиад явдаг. Ямар нэг багаж, техник байдаггүй. Байгаль хамгаалагчид тухайн орон нутгийнхаа иргэд болон онцгой байдлын албаныхантай хамтарч баавгайг олс дээсээр хүлж байгааг харсан байх. Орон нутагт багаж техник байхгүй учраас тиймэрхүү байдлаар ажиллаж байна.

Тиймээс баавгай олонтой улс орнуудыг туршлагыг судлаад эхний ээлжид унтуулдаг буугаар орон нутгийн байгаль орчны газруудыг хангах, баавгайг үргээдэг цацлага авах ажлыг богино хугацаанд шийдэх шаардлагатай байна. Мөн байгаль орчны байцаагч нарын бензин шатахууны зардлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар нийт 1 тэрбум 88 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газруудад баавгайг амьдаар нь баригч тор хийлгэх асуудлаар чиглэл өгч ажиллаж байна.

Мөн зарим орон нутагт аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрлийг өгч байна. Жишээ, Дархан‑Уул аймагт гурван баавгайн квот олгосон байгаа. Эхний ээлжид хангайн бүсийн 12 аймагт ийм зөвшөөрөл олгосон. 

Ер нь бол нэг сарын дараа гэхэд баавгай байгалийн жамаар ичнэ. Зарим баавгайд задлан шинжилгээ хийхэд ходоодонд нь идэж тэжээл байхгүй, хүмүүсийн хэлдгээр хорхойтсон байна.

Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайнуудын ихэнх нь нэлээн ядмаг, туранхай эцэнхий, шархтай, зулзаган голдуу байна. Энэ нь тоо толгой нь өссөнтэй холбоотойгоор байгалийн шалгарлаар хөөгдөж туугдсан баавгайнууд байх магадлалтайг харуулж байна гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа" гэлээ.