Илиас Кемалоглу: Зүчийн улс дундад зууны хамгийн хүчирхэг том улсуудын нэг. Бүхэл бүтэн Оросын вангуудыг 250 жил захирсан байна

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилий ойд зориулан “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Тус номыг Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек, Илиас Кемалоглу нар бичиж, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Монгол хэлнээ орчуулан олон нийтэд танилцуулж буй. Дээрх монголч эрдэмтэд “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд оролцож байгаа аж.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр монголч эрдэмтэн Илиас Кемалоглу "Чингис хааны удмынхны байгуулсан Зүчийн улс дундад зууны хамгийн хүчирхэг том улсуудын нэг байсан гэдэгтэй маргаангүй. Нутаг дэвсгэрийн харсан ч дундад зууны том улсуудын нэг. Бүхэл бүтэн Оросын вангуудыг 250 жил захирсан байна. 

Балканы хойгт өөрсдийн нэрээр зоос дэлдүүлж мөнгө гаргуулж байсан, дундад зууны эдийн засгийн хамгийн хүчирхэг улс болох Италийн хотуудын бүгд найрамдах улсын худалдаачдыг өөрийн нутагтаа худалдаа хийх онцгой эрх олгож байсан. 

Мөн Османы эзэнт улстай найрамдалт харилцаатай байж, өөрсдийн ах дүү болох Ил хаант улстай дайсагнасан байдалтай байсан бол Мамлюкийн улстай найрамдалт харилцаатай байжээ. Төгсгөл үедээ Төмөрийн улстай гүн зөрчилд орсон. 

Алтан ордны улсын хүчирхэг байдлын гол баталгаа нь бидний номд гарч буй зарлиг болоод албан бичгүүд юм. Энэхүү зарлиг бичгийг Алтан ордны улсын хаад бус төрийн хатад, томоохон ноёд өөрсдийн нэрийн өмнөөс гаргаж байсныг харж болно.

Энэхүү номыг нийтлүүлэх болсны нэг шалтгаан бол Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, бусад бүрэлдэхүүн улсын төрийн албан бичгүүдээс биет байдлаар өнөөгийн бидний үед хүрч ирсэн нь цөөхөн байсан явдал юм. 

31 зарлиг, албан бичгийн доторх агуулгаар Зүчийн улсын түүхийг дахин шинээр харж бичих боломжтой. Үүнээс гадна Зүчийн улсын нийгэм, соёл, эдийн засгийн амьдралыг ойлгоход үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Тиймээс Их Монгол болон Монголын түүхийн судалгаанд чухал ач холбогдол үзүүлэх байх гэж найдаж байна.

Энэхүү ном Туркт гурав дахь удаагаа хэвлэгдсэн. Казах хэлээр орчуулагдсан. Монголын эзэнт гүрний түүхээс гадна дэлхийн Монгол судлалд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа" хэмээн ярилаа.

ФОТО: