Японы ерөнхий сайдын бэлгийн талаар бүдүүлэг зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйхаас Австралийн ерөнхий сайд татгалзав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайдаас авсан бэлгийнхээ талаар зохисгүй өнгө аястай зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйхаас Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз татгалзжээ.

Өнгөрсөн сард тэрбээр “Bush Deep” подкастын ярилцлагад оролцохдоо поп од Кайли Миноугтай дотно харилцаанд орохоос буцахгүй гэсэн санааг бүдүүлэг өнгө аясаар илэрхийлээд олон нийтээс уучлал гуйж байсан юм.

Энэ ярилцлагынхаа үеэр тэр Японы ерөнхий сайд Санае Такаичигийн өгсөн бэлгийн талаар мөн зохисгүй зүйл ярьсан нь саяхан ил болсон байна.

Подкастын хөтлөгч Никки Озборн “гадаад улс орнуудаас авсан бэлгүүдээс хамгийн хачин нь юу байсан бэ?” гэж асуухад тэр Такаичигаас авсан амтат гуаг нэрлэжээ.

Тавдугаар сард Австралид айлчлахдаа Такаичи тусгай сортын хоёр амтат гуаг Албанизд бэлэглэсэн юм.

Тус бүр нь $270-ын үнэтэй уг жимсийг Японы эрх баригчид дипломат бэлэг сэлтийн зориулалтаар түгээмэл ашигладаг байна.

Эдгээрийн тухай Албаниз “хос амтат гуа” гэж хэлэхдээ цээжин дээрээ гараар дүрслэн харуулж байв.

Энэ үеэр Озборн “Тэр Памела Андерсон шиг л харагдаж байсан байх даа” хэмээн том хөхөөрөө алдартай жүжигчин эмэгтэйтэй харьцуулан хошигносон юм.

Мягмар гарагт парламентын чуулганы үеэр Австралийн сөрөг хүчний тэргүүн “доромжилсон” утгатай зүйл ярьсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйхыг Албанизаас шаарджээ.

Гэвч тэр ингэх шаардлагагүйг мэдэгдээд “Ерөнхий сайд Такаичи бол миний ч, Австралийн ч сайн найз нөхөр юм” гэж хариулсан байна.

Сүүлд Австралийн гадаад хэргийн сайд Пенни Вонг бас ерөнхий сайдынхаа зохисгүй зүйл ярьсан гэх шүүмжлэлийг няцаасан юм.

“Ерөнхий сайд эдгээр үгсийг шүүмжлэгчдийн тайлбарлаж байгаа шиг утгаар хэлээгүйгээ тодорхой илэрхийлсэн” гэж тэр мэдэгджээ.

Эх сурвалж: AFP