ГССҮТ-өөс хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр болжээ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгаас “Ротари” олон улсын байгууллагатай хамтран 0-2 насны хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр болсныг мэдээллээ.
Энэ хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд 0-2 насны хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх үзлэг, тандалтыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорьсон байна.
Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгохоор төлөвлөсөн төдийгүй хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн нэгдсэн удирдамж боловсруулах юм.
Монгол Улсад хүүхдийн майга тавхайн гажгийг төрсний дараах үеэс системтэйгээр эрт илрүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас зарим тохиолдол хожуу оношлогдох эрсдэлтэй байна. Тиймээс эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн хөдөлгөөн, өсөлт хөгжил, амьдралын чанарыг хамгаалах чухал ач холбогдолтойг ГССҮТ-өөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
