Б.Бэхбол: Солонгос автобуснуудад нэмэлт халаагуур суурилуулж, өвөлдөө бэлдэж байгаа юм билээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьд хүрчээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын(НТБГ) автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 ААН-д аравдугаар сарын 5-13-ны хооронд өвөлжилтийн бэлэн байдлыг шалгалаа.

НТБГ-ын 7 ажилтан, нийслэлийн онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагч нартай хамтран нэг автобусанд 18 үзүүлэлтээр шалгалт хийлээ.

Өнгөрсөн өвлийн улиралд Yutong загварын автобус халаалт сайн байсан учраас гомдол ирээгүй.

Харин солонгос автобус явдаг чиглэлийн иргэдээс "Хүйтэн байна" гэсэн гомдол их ирсний улмаас энэ жил уг автобуснуудын паарны ажиллагааг илүү шалгасан. Хувийн байгууллагууд солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж, өвөлдөө бэлдэж байгаа юм билээ. Тухайлбал "Эрдэм транс" компани 70 гаруй солонгос автобусыг үйлчилгээнд явуулдаг. Үүнээс 30 автобусанд нэмэлт халаагуур суурилуулж, паарны үлээлтийг сайжруулсан байна. Үлдсэн 40 автобусанд хүйтний улирал эхлэхээс өмнө нэмэлт халаагуурыг суурилуулахаар ажиллаж байгааг хэлсэн.

Өвлийн бэлтгэлийг шалгах явцад ААН-үүдийн дутагдал, зөрчлийг тухай бүрд сануулж, хэвийн болгосон. Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна" гэв.

Нийслэл хотод нэг өдөрт нийтийн тээврийн 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна хэмээн албаныхан мэдээлдэг. Энэ нь олон тооных хэдий ч иргэд өглөө, оройн цагаар автобус хүлээж, ирсэнд нь чихэлдэж суудаг байдал өөрчлөгдөхгүй байгаад бухимдсаар байна.