УИХ: Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт оруулж тооцох агуулгатай хуулийн төслийг хэлэлцэж байна
15:38 2026/10/22
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хууль батлагдсанаар төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсөвт оруулах боломж үүсэх аж.
Хуулийн төсөл санаачлагч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын ярьж байгаагаар "Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах үед тухайн төсвийн жилийн урьд оны төсвийн үлдэгдлийн эцсийн хэмжээ тодорхой болоогүй байдаг. Гэтэл төсвийн жилийн явцад урьд оны төсвийн үлдэгдэл бодитоор бий болж, түүнийг төсвийн зарцуулалтад ашиглах шаардлага үүсдэг.
Иймд төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсаны дараа урьд оны төсвийн үлдэгдлийн хэмжээгээр нэмэлт эх үүсвэр бий болсон тохиолдолд уг эх үүсвэрийг төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсөвт тусгах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд уг хуулийн дагуу арилжааны зорилго бүхий төрийн өмчит компани цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах зохицуулалт хэрэгжинэ.
Үүний үр дүнд 2027 онд төсөвт 3,494.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 748.8 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд, 162.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт, 3,334.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

