Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль зөрчсөн 422 зөрчил бүртгэгджээ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны гуравдугаар улирлын байдлаар судалжээ.
Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл:
- “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан” 202 зөрчил бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 47.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй.
- Харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсантай холбоотой хоёр зөрчил бүртгэгдсэн нь хамгийн бага байна.
Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулснаас 210 буюу 54.5 хувийг хуулийн этгээд, 175 буюу 45.5 хувийг хүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүн, хуулийн этгээдэд 759.2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 489.5 сая төгрөг буюу 64.5 хувь нь төлөгдсөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, хэрэглэж дуусах хугацаанд тавих хяналтаа сайжруулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг Прокурорын байгууллагаас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

