Санаатай байж болзошгүй халдлагын улмаас автомашинд дайруулсан Австралийн парламентын гишүүн хоёр хөлөө алдлаа
Даваа гарагт Австралийн парламентын гишүүн Хелен Хэйнс тойрогтоо ажиллаж байгаад автомашинд дайруулсны улмаас ноцтой бэртсэн юм.
Мельбурн хотоос зүүн хойд зүгт оршдог Вангаратта хотод болсон энэ ослыг тус улсын ерөнхий сайд Энтони Албаниз “санаатай үйлдэл” байж болзошгүй гэж мэдэгдээд байна.
Хэрэгт сэжиглэгдсэн 43 настай Брендан Ньюжентийг ослын газраас баривчилсан юм.
Орон нутгийн цагаар Даваа гарагийн үдээс хойш Хэйнс тойргийнхоо ажлын байрны гадаа цагаан өнгийн Toyota Landcruiser автомашинд дайруулжээ.
Тухайн үед ослын газарт байсан хэд хэдэн хүн оролцсоны хүчинд автомашиныг зогсоож чадсан байна.
Хэйнс тэр дороо түргэний машинаар Мельбурн хотын эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон юм. Эмнэлэгт очмогцоо Хэйнс зүүн хөлөө тайруулсан бөгөөд баруун хөлийг аврах найдлага тасраагүй байсан ч Лхагва гарагт тайрахаас өөр аргагүй болсон байна.
Сэжигтэн Ньюжентийг өчигдөр Викториа мужийн шүүх аюултай жолоодлогын улмаас бусдад ноцтой гэмтэл учруулсан, бусдад санаатайгаар гэмтэл учруулсан, төрийн албан тушаалтны биед хохирол учруулсан гэх гурван зүйл ангиар буруутгажээ.
Түүнийг бас хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт нэмж буруутгаж болзошгүй байгааг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Сэжигтний гэр бүлээс Мягмар гарагт гаргасан мэдэгдэлд тэд Хэйнстэй олон жилийн турш анд найзууд байсан бөгөөд болсон явдлыг “сэтгэл сэртхийлгэм, ойлгохын аргагүй” гэж тодорхойлжээ.
Викториа мужийн цагдаагийн газар уг хэргийг үйлдэх болсон шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж байгааг мэдээлсэн байна.
65 настай Хэйнс нь Австралийн зүүн өмнөд хэсэгт оршдог Викториа мужийн Инди тойргоос бие даан сонгуульд өрсөлдөөд парламентын гишүүн болсон хүн юм.
Тэрбээр хууль тогтоогчийнхоо хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахын төлөө тууштай ажиллаж байжээ.
Хэйнс 2019 онд Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимд анх удаа сонгогдож, дараа нь 2022, 2025 онуудад дахин сонгогдсон юм.
Тэрбээр Викториа мужийн баруун өмнөд бүсийн нутагт сүүний ферм дээр дөрвөн ах дүүгийн хамт өсөж, хожим сувилагч, эх баригч эмчийн мэргэжил эзэмшиж байжээ.
Гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мастерын зэрэг, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна.
Одоо тэр гэр бүлийнхээ хамт Вангаратта хотын гадна орших үхрийн жижиг фермд амьдардаг гэнэ.
Парламентын танхимд зэрэгцэж суудаг гишүүн Зали Стеггал түүнийг саяхан эмээ болсон, бусдад “маш их хайрлагдаж, хүндлэгддэг хүн” хэмээн тодорхойлжээ.
Уг хэрэг Австралийн улс төрд хүчирхийлэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Ослын дараахан Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус улсын улс төрд "нөхцөл байдал хурцдаж", "харилцан ярилцаж, хэлэлцэхээсээ илүүтэйгээр хашхирч, орилох явдал хэт ихэссэн" талаар шүүмжилсэн юм.
Австралийн дотоод хэргийн сайд Тони Бүрк 2025-2026 оны санхүүгийн жилд хууль тогтоогчдын эсрэг чиглэсэн дарамт шахалт, заналхийллийн талаарх мэдээлэл нэмэгдсэнийг баталжээ.
"Өндөр албан тушаалтнууд" болон тэдний ажилтнуудыг заналхийлсэн хэргээр долоо хоногт дунджаар нэг хүн яллагдагчаар татагдаж байгааг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Австралийн Холбооны цагдаагийн газрын комиссар Крисси Барретт тус улсын холбооны парламентын 226 гишүүн тус бүрийг биечлэн хамгаалалтад авах нь "асар их зардалтай" ажил тул цагдаагийн байгууллага тухайн хүний гүйцэтгэж буй үүрэг болон түүнд тулгарч буй аюул заналхийллийн түвшинд үндэслэн хамгаалалт шаардлагатай эсэхийг үнэлж шийдвэрлэдэг болохыг тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
