Марафонд оролцсон оюутан нас барсны дараа Өмнөд Солонгост гүйгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал сөхөгдөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 11-ний өдөр 2026 оны Сөүлийн хагас марафонд оролцсон 25 настай оюутан бүсгүй барианд орохоосоо 500 метрийн өмнө газарт унаж, нас барсан юм.

Нэр хүндтэй KAIST (Korea Advanced INstitute of Science Technology) их сургуулийн төгсөх ангийн оюутан байсан Юү Жи Воны үхлийн шалтгаан тодорхой болоогүй байна.

Тэрбээр гүйлтийн инфлюнсер байсан бөгөөд гүйлтийн үр дүн, бэлтгэлийн явц зэргээ байнга Инстаграм хуудсандаа нийтэлдэг нэгэн байжээ.

Юү Жи Воны золгүй үхэл сүүлийн жилүүдэд солонгосчууд маш түгээмэл хичээллэдэг болоод буй гүйлтийн спортын аюулгүй байдлын асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр 51 сая хүн амтай Өмнөд Солонгосын иргэдийн 10 сая гаруй нь өөрийгөө тогтмол гүйгч гэж үздэг гэнэ.

Тусгай тоног төхөөрөмж, хэрэгсэл, зай талбай шаарддаггүй энэ спортын төрөл завгүй ажилтай хотын оршин суугчдыг ихээр татах болжээ. Цар тахлын дараа дотоод орчинд олон хүнтэй газар байхаас болгоомжлох болсон нь үүнд бас давхар нөлөөлсөн байна.

Үүнийг дагаад Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд марафон гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болжээ.

зураг
 

Тухайлбал 2020 онд 19 удаа марафон зохион байгуулагдаж байсан бол 2021 онд 49, 2022 онд 142, 2023 онд 205 болон огцом нэмэгдсэн байна.

2024 онд нэг саяас олон оролцогчтой нийт 254 гүйлт зохион байгуулагджээ.

Юү Жи Вон нас барсны дараа Солонгосын Эмнэлзүйн Холбоо томоохон хэмжээний спортын арга хэмжээний аюулгүй байдлын менежмэнтийг бэхжүүлэхийг засгийн газартаа уриалсан байна.

"Засгийн газар гүйлтийн тэмцээний аюулгүй байдлын менежмэнтийн төлөвлөгөөнд эмнэлгийн ажилтнууд болон шуурхай тусламжийн багаж хэрэгсэл байршуулах зэрэг эмнэлгийн бэлтгэл ажлыг тусгайлан тусгасан байх ёстой" гэж тус холбоо мэдэгджээ.

Мөн иргэдэд цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл гүйхээ зогсоож, тусламж хүсэх ёстойг нэмж анхааруулсан байна.

“Зүрх судасны өвчтэй, дасгал хийж байхдаа цээжээр өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байсан, эсвэл гэр бүлийн гишүүн нь бага залуу насандаа гэнэт нас барсан түүхтэй хүмүүс тэмцээнд оролцохоосоо өмнө эмчид хандах хэрэгтэй" гэж тус холбооноос уриалжээ.

 

Эх сурвалж: Korea Herald