Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2,735 иргэн бүртгүүлжээ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилжээ. Энэ дагуу 2026 оны гуравдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Шалгалтыг өдөрт дөрвөн ээлжээр явуулах бөгөөд нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.
Өмнөх улирлуудын шалгалтын дүнгээс үзэхэд 2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 иргэн буюу 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн байна.
Харин II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 иргэн буюу 79.6 хувь нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ. Дээрх хоёр улирлын шалгалтаар нийт 691 иргэн, шалгалтад оролцогчдын 35.1 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
