Оросын шоронд хоригдож байсан АНУ-ын тэнгисийн явган цэргийн алба хаагч асан эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ
Оросын шоронд хоригдож байсан АНУ-ын тэнгисийн явган цэргийн алба хаагч асны эрүүл мэнд ноцтой муудсан тул талууд тохиролцсоны үндсэн дээр сулласныг ерөнхийлөгч Трамп өчигдөр мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцсаны дараа Орос улс түүнийг хүмүүнлэг ёсны үндэслэлээр суллахаар боллоо” гэж тэр сошиал хуудсаараа мэдээлээд энэ нь ялтан харилцан солилцох арга хэмжээ биш байсныг тайлбарласан байна.
Массачусетс мужийн уугуул Роберт Гилман 2022 онд галт тэргээр зорчиж байхдаа цагдаагийн ажилтныг өшиглөсөн хэргээр баривчлагдаж байжээ.
Саяхан эрүүл мэнд нь эрс муудсан түүнийг шоронгоос Оросын энгийн эмнэлэгт шилжүүлээд байсан юм. Гилман ээж, эмч нар болон засаг захиргааны ажилтнуудын хамт АНУ руу нисэх онгоцонд суусныг Трамп мэдээлжээ.
Түүнийг эх орондоо буцаж ирсний дараа Техас дахь АНУ-ын цэргийн эмнэлэгт эмчлэхээр төлөвлөсөн байна.
“Оросууд миний дүүтэй тун муухай харьцаж байсан. Түүнд Америкийн тэнгисийн явган цэрэг байсан гэхээс өөр ямар ч буруу байгаагүй. Дүүгийн минь амийг аварсан ерөнхийлөгч Трампад би маш их баярлаж байна” гэж түүний эгч Лекси Хадсон мэдэгджээ.
Гилманыг суллуулахад Массачусетс мужийн сенатор Эд Марки бас чухал үүрэг гүйцэтгэснийг тэр мэдэгдэлдээ дурдсан байна.
Марки “Ойролцоогоор 50 хоногийн өмнө Роберт ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй, бүр хоол ч идэж чадахгүй болдог ‘dissociateive stupor’ хэмээх эмгэгтэй болсон нь оношлогдсон” гэж хэлжээ.
Шоронд байхдаа Гилман сэтгэцэд нөлөөлөх эм албадан уулгах, 16 цаг хүртэл хугацаагаар албадан дасгал хийлгэх зэргээр маш их дарамт хүчирхийлэл амсаж байсныг түүнийг суллуулахад оролцсон Global Reach байгууллагын төлөөлөгч Эрик Лебсон хэвлэлд ярьсан байна.
Эцэстээ Гилман хоол идэж чадахгүй болж, хамартаа тавиулсан гуурсаар хүнс тэжээл авч байжээ.
Хохирогч 2019 оны наймдугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хаасан юм байна.
2022 оны нэгдүгээр сард тэр Москва чиглэлийн галт тэргээр зорчиж байхдаа согтуугаар цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр баривчлагдаж, гурван жил хагасын хорих ял сонсож байжээ.
Сүүлд тэр шоронгийн хуягийн биед халдсан хэргээр ялын хугацаагаа 10 жил болгон нэмэгдүүлсэн байна.
Одоо Оросын шоронд өөр таван америк хүн хоригдож байгаа, тэдний эрүүл мэндийн байдал бас муу байгааг Лебсон ярьжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
