"Зүчийн улс олон улсын харилцаанд хүчирхэг байр суурьтай, өөрсдийн гэсэн засаг захиргааны уламжлалтай байсныг зарлиг, албан бичгүүд харуулдаг"
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилий ойд зориулан “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус номыг Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек, Илиас Кемалоглу нар бичиж, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Монгол хэлнээ орчуулан олон нийтэд танилцуулж буй. Дээрх монголч эрдэмтэд “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд оролцож байгаа аж.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын талаар танилцууллаа.
Тэрбээр "Их Монгол улсын болон Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн залгамжлагчийн нэг болох Зүчийн улсын түүх нь Түрэг, Монгол ард түмний түүхэн уламжлалын чухал хэсэг. Тиймээс өөрийн мэргэжил нэгт Илиас Кемалоглу багштай хамт хийсэн энэхүү ном маань Монгол хэлээр орчуулагдан хүрч байгаа нь бидний хувьд нэр төртэй хэрэг байлаа.
Зүчийн улсын төртэй холбоотой одоогийн байдлаар дэлхийн архив, номын сангуудад хадгалагдаж буй 31 зарлиг, албан бичиг анх удаа нэг бүтээлд эмхлэгдэн орсноороо онцлог. Энэ нь дундад зууны Түрэг, Осман, Орос, Латин, Итали хэлээр бичигдэн үлдсэн. Зарлиг, албан бичгүүд нэг дор эмхлэгдэн гарч байгаа нь Монголын болон Түрэгийн түүх, цаашлаад дэлхийн түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой.
Зүчийн улс олон соёл, хэл, давхаргын онцлогоор тухайн үеийн дэлхийн интеграцад өөрсдийн гэсэн байр сууриа эзэлснийг харуулж байгаа. Мөн тухайн үеийн Зүчийн улс олон улсын харилцаанд хүчирхэг байр суурьтай, өөрсдийн гэсэн засаг захиргааны албан уламжлалтай байсан гэдгийг энэхүү зарлиг, албан бичгүүд харуулдаг.
Зөвхөн эрдэм шинжилгээний ач холбогдлоос гадна хоёр ард түмний түүхэн харилцаа, өнөөгийн соёл шинжлэх ухааны харилцаанд чухал хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна. Заавал тэмдэглэн хэлэх ёстой нэг зүйл бол энэхүү дурсгалуудын өөрийнх нь эх орон болсон Монгол Улсад орчуулагдан гарч байгаа нь бидний хувь нэр төрийн хэрэг байлаа.
Энэхүү номыг хэвлэн нийтлэх ажлыг санаачлан дэмжин ажиллаж буй Монгол Улсын Гадаад харилцааны яам, сайд, төрийн нарийн бичгийн даргад гүн талархал илэрхийлье. Бидний бүтээл Монгол, Турк хоёр орны соёл, боловсролын харилцаанд хувь нэмэр оруулах болтугай. Хоёр улсын эрдэмтэн судлаачид бүтээлээ харилцан бие биедээ танилцуулах ажлын эхлэх болох байх гэж найдаж байна" гэлээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










