"The MongolZ" багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: www.hltv.org

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс Францын нийслэл Парис хотноо эхлэх гэж байна. 

Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, аваргаа тодруулах юм. Өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомыг өргөсөн манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байна. 

Тэд D  хэсэгт Европын "magic", Францын "3DMAX", Украины "NAVI", Аргентины "9z", Бразилын "paiN", "FURIA", АНУ-ын "Wildcard" гэсэн багтай багтсан. Хэсэгтээ хоёр тоглолт дараалан хожил байгуулбал Playoffs буюу шөвгийн 16 шатанд шалгарна. Харин нэг хожигдвол хэсгийн доод хүснэгт рүү унах бөгөөд хожигдохгүй эрхгүй тоглолтуудыг хийх юм. 

Манай улсын "The MongolZ" багийн хувьд өнөө оройн 20:00 цагаас Европын "magic" багтай Во1 журмаар тоглоно. Хэрэв өнөөдрийн тоглолтод хожвол Playoffs шатанд шалгарахын төлөө Францын "3DMAX" болон Украины "NAVI" багийн аль нэгэнтэй нь энэ Бямба гарагийн 19:00 цагаас Во3 журмаар тоглох хуваарь гарна.

bLitz буюу Б.Гарьдмагнайгаар ахлуулсан "The MongolZ" баг өнгөрсөн сард залуухан тамирчид болох Tikuak буюу Ч.Золбаяр, DarkMeister буюу Д.Ирээдүй нарыг эгнээндээ нэгтгэсэн. Залуухан тамирчидтай оролцсон эхний тэмцээн BLAST Bounty Summer 2026-д шөвгийн наймд шалгарсан ажилт үзүүлсэн.

Гэвч тэд дэлхийн чансааны 15 дугаар байрт бичигдсэн хэвээр байгаа. Аваргаа хамгаалахаар ирж буй энэ тэмцээнд зайлшгүй сайн тоглож, ирэх саруудын тэмцээнд урилгаар оролцоход чухал нөлөө үзүүлэх юм.