Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг Esports World Cup 2025 тэмцээний АВАРГА болж, 500,000 ам.долларын шагнал авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо аваргаа тодруулахаар үргэлжилж байна.

Манай улсын "The MongolZ" баг шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын "Team Vitality" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр тоглож, 2:1 онооны харьцаатай хожсон билээ. 

Тэд аваргын төлөө Туркийн "Aurora Gaming" багтай Во5 журмаар тоглож, нэг ч "map" алдахгүйгээр хожлоо. Манай баг өөрсдийн сонгосон эхний "Mirage map" дээр нэмэлт үе гаргаж, 16:14 тооны харьцаатай хожив. 

Үргэлжлүүлэн Туркүүдийн сонгосон "Dust II map" дээр хамгаалах болон довтлох талаас хоёр, хоёр үеийн илүүтэй тоглосноор 13:9 тооны харьцаатай яллаа. Улмаар манай баг өөрсдийн сонгосон "Nuke map" дээр довтлох талаас эхэлж 9:3 байраа сольсноор хожлоо.

Esports World Cup 2025 тэмцээний нэгдүгээр байрт "The MongolZ" баг 500,000 ам.доллар, хоёрт "Aurora Gaming" баг 230,000 ам.доллар, гуравт Саудын Арабын "Team Falcons" баг 130,000 ам.доллар, дөрөвт "Team Vitality" баг 70,000 ам.долларын шагнал хүртлээ.

"The MongolZ" багийн хувьд өндөр түвшинд тоглож эхэлснээс хойш иймэрхүү томоохон багууд оролцож буй тэмцээнд түрүүлж үзээгүй байв.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон BLAST.tv Austin Major 2025 буюу дэлхийн аваргад дэд байр эзэлсэн юм. Гэхдээ Esports World Cup 2025 тэмцээний аваргын цом өргөснөөр өөрсдийгөө дэлхийн баг гэдгээ дахин баталлаа.

зураг