Европын орнууд нисэх онгоцны түлшний зургаан долоо хоногийн нөөцтэй байгааг анхаарууллаа
Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) тэргүүн Европ тив нисэх онгоцны түлшний зургаан долоо хоногийн нөөцтэй байгааг өчигдөр анхааруулжээ.
Хэрвээ Европын орнууд Ойрх Дорнодоос импортолдог түлшнийхээ ядаж талыг өөр эх үүсвэрээс нөхөж чадахгүй бол зургаадугаар сард нөхцөл байдал эрс муудахыг тус байгууллага энэ долоо хоногт гаргасан тайландаа дурдсан байна.
АНУ, Израилийн өдөөсөн дайны хариуд Иран улс дэлхийн эрчим хүч тээвэрлэлтийн гол замуудын нэг болох Ормузын хоолойг хааснаар дэлхий дахинд түлш шатахууны хомсдол үүсээд байгаа.
IEA-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэрвээ нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал удахгүй нислэгүүд цуцлагдаж болзошгүйг хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.
Тус байгууллага 32 гишүүн улсынхаа эрчим хүчний хангамж, аюулгүй байдалд зориулан зөвлөмж гаргадаг юм. Дэлхийн нисэх онгоцны түлшний зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Персийн булангийн орнууд байдаг.
Ормузын хоолой нь Персийн булангаас дэлхийн зах зээлд гарах үүд болдог юм.
Европоос гадна Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг улсууд Ойрх Дорнодын түүхий газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг.
IEA-ийн тайланд өгүүлснээр Европ тив нисэх онгоцны түлшнийхээ 75 хувийг Ойрх Дорнодын орнуудаас импортолдог юм байна.
Одоо тус тивийн улсууд Персийн булангийн нийлүүлэлтээ өөр эх үүсвэрээр орлуулахаар ажиллаж байгаа.
Үүний ихэнх нь АНУ болон Нигери улсуудаас ирж байгаа ч одоогоор Персийн булангийн нийлүүлэлтийн талд ч хүрээгүй байгаа нь санаа зовоож байна.
Талыг нь өөр эх үүсвэрээр орлуулсан ч наймдугаар сар хүртэл гуравны хоёр хүртэл ахиулахгүй бол дахин нислэгүүд цуцлагдах эрсдэл учрахыг IEA анхааруулжээ.
“Зуны саруудад хангалттай нөөцтэй байхын тулд Европын орнууд Персийн булангийн нийлүүлэлтийг орлох өөр эх үүсвэрийн эрэл хайгуулыг шуурхай явуулах хэрэгтэй” гэж уг тайланд бичсэн байна.
Ойрх Дорнодын хямралын улмаас дэлхийн агаарын тээврийн компаниуд түлшний үнийн өсөлтийн эсрэг янз бүрийн арга хэмжээ авч эхлээд байгаа.
Ерөнхийдөө эдгээр компаниудын нислэгийн нийт зардлын 20-40 хувь түлшний зардал байдаг.
Дөрөвдүгээр сарын эхээр Европын онгоцны түлшний үнэ ханш тонн тутамдаа $1838 хүрсэн бол дайны өмнө $831 байсан юм.
Саяхан Нидерландын KLM авиа компани ойрын саруудад түлшний үнийн өсөлттэй холбоотой Европ чиглэлийн 160 нислэгээ цуцлахаар болсныг зарласан.
Гэхдээ тус компани одоохондоо түлшний нөөцийн хомсдолд ороогүй байгаа, дээрх нислэгүүд нь Европын нийт нислэгийн нэг хүрэхгүй хувь болохыг тайлбарлаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
