ЖҮДО: Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар ААШТ-ий АВАРГА боллоо
Жүдогийн насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өндөрлөлөө.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жинд монгол охид түрүүлэв.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь "D" хэсгийг тэргүүлсэн. Улмаар эхний даваанд Казахстаны Диана Буркейэваг, хэсгийн аваргын төлөө Вьетнамын Чи Ха Нгогийг ялаад хагас шигшээд Энэтхэгийн Асмита Дейтэй учраа таарсан юм. Барилдааны явцад өрсөлдөгч нь дүрмийн бус алдаа хийснээр хасагдсан тул манай тамирчин алтан медалийн төлөө Узбекистаны Лазиза Хайдароватай тунасан.
Шийдвэрлэх барилдаан цаг сунгаад манай тамирчин вазари үнэлгээ авснаар шар тивээс Монголын багийн 23 дахь алтан медалийг авлаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ эхний даваанд хийлээд Японы Саичи Оишиг ялснаар хэсэгтээ тэргүүлсэн. Ингээд хагас шигшээд Тажикистаны Мадина Курбонзодаг, алтан медалийн төлөө Узбекистаны Сита Кадамбоеваг буулган авснаар Азийн АШТ-ий түүхэнд Монголын багийн 24 дэх алтын эзэн болов.
М.Нандин-Эрдэнэ үнэлгээ дутуу явж байгаад барилдааны үндсэн цаг дуусахаас өмнө вазари авснаар тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт өрсөлдөгч нь гурав дахиа торгуулснаар манай тамирчин төрийнхөө дууллыг эгшиглүүлэх болов.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Бахрейны Руслан Полторацкий, 66 кг-ын жинд Тажикистаны Нурали Эмомали нар түрүүлжээ.
Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг жингийн медальтнууд тодрох хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
