ЖҮДО: Т.Түмэнжаргал тивийн аваргаас ХҮРЭЛ медаль хүртэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Азийн Жүдогийн Холбоо (АЖХ)-ноос зохион байгуулдаг шар тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ордос хотод өнөөдөр эхэлсэн юм.

Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг-д медальтнууд тодорно.

Манай улсаас 18 тамирчин Ордос хотыг зорьсон. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэв. Өдгөө 22 настай залуу жүдоч насанд хүрэгчдийн тивийн аваргад анх удаа хүч сориод медальд хүрсэн нь энэ. Тэрбээр эхний даваанд Умард Солонгосын Ри Нам Ёныг ялсан ч Тайванийн Ян Юүн Вэйд дийлдсэн байна. 

Улмаар дагах барилдаанд Узбекистаны Достон Рузьев, медалийн төлөө Казахстаны Аман Бакитжаныг ялснаар тивийн аваргаас Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа.

Сонирхуулахад жүдогийн тивийн аваргын тэмцээн хамгийн анх 1966 онд зохиогдсон түүхтэй. Манай улс тивийн аваргаас 22 алт, 42 мөнгө, 90 хүрэл медаль хүртсэн амжилттай. 

Энэ удаагийн тивийн тэмцээнд 19 орны 197 тамирчин хүч сорьж байна.