Орос улс энэ оны хамгийн том агаарын цохилтоо Украины гол хотууд руу чиглүүлсний улмаас 18 хүний амь үрэгдэв
Орос улс энэ оны хамгийн олон нисгэгчгүй онгоц, пуужин оролцуулсан агаарын цохилтоо явуулсны улмаас Украин даяар 18 хүний амь үрэгдэж, 118 хүн шархадсаныг Киевийн эрх баригчид Пүрэв гарагт мэдээлжээ.
Нийтдээ 659 нисгэгчгүй онгоц, 44 пуужингаар Украины Киев, Харьков, Одесса, Днипро, Запорожье зэрэг томоохон хотуудад довтолсон байна.
“Өчигдөр өдрөөс шөнө хүртэл хугацаанд Оросын тал Украины эсрэг бараг 700 нисгэгчгүй онгоц, олон арван пуужин оролцуулсан террорист халдлага үйлдлээ. Уг халдлагын гол бай энгийн иргэд байсан юм” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсаараа мэдээлжээ.
Нийслэл Киев хотод дөрвөн хүн алагдсаны дотор 12 настай хүү байсан байна. Түүний цогцсыг барилгын нуранги дороос өөр нэг хүний цогцостой хамт гаргасныг Украины онцгой байдлын алба мэдээлжээ.
Уг халдлагын улмаас Киевт нийтдээ 48 хүн шархадсан байна.
Баруун бүсийн Одесса хотод найман хүн, төв бүсийн Днипро хотод гурван хүн, зүүн өмнөд бүсийн Запорожье хотод нэг хүн тус тус алагджээ.
Энэхүү халдлага нь өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэн алдартны шашны Улаан өндөгний баярыг тохиолдуулан хэрэгжүүлсэн 32 цагийн гал зогсоолтын дараа болсон юм.
Гал зогсоох уриалгыг анх Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гаргаж байсан ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн санаачилга мэтээр зарлаж байв.
Энэ үеэр Италийн нийслэл Ром хотод айлчилж байсан Зеленский “Дэлхий нийтээрээ Орос улсын эсрэг бодлогыг зөөлрүүлэх, хоригийг цуцлах ёсгүйг энэ шөнө болсон халдлага дахин нотоллоо” гэж өчигдөр сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
