Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэх батлуулахаар цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-ын нэр бүхий 78 гишүүн 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн. 

Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Гэвч улс төрд үүсээд буй олон асуудлаас улбаалан уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх цаг хугацаа хойшилсоор байна. 

Иймд орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэх батлуулахаар цахим гарын үсэг цуглуулж эхлэв.

Тэрбээр гаргасан цахим өргөдлийн тайлбартаа "Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн тамхины улмаас нас барж байгаа нь тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тамхи хэт хямд, хүртээмжтэй байгаа нь татварын бодлого сул байгааг илтгэж, хэрэглээг бууруулахад хангалтгүй байна. Мөн цахилгаан тамхи болон шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохицуулаагүй нь хүүхэд, өсвөр үеийн дунд хэрэглээ огцом нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд олон улсын жишигт нийцүүлэн тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулж, бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг зохицуулах, татварыг нэмэгдүүлэх, амт оруулагчийг хориглох, дотоод орчинд хэрэглэхийг хязгаарлах, насанд хүрээгүй иргэдийг хамгаалах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэжээ. 

2026 оны тавдугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд 100,000 хүний гарын үсэг цуглуулах зорилготой уг өргөдөлд одоогоор 93 хүн цахимаар гарын үсэг зураад байна. 

Цахим гарын үсэг зурах холбоос: petition.parliament.mn