"АН-ын дотоод өгөгдлийн санд 2.1 сая орчим иргэдийн хувийн мэдээлэл байгаа нь тогтоогдсон. Дээрх мэдээллийг кибер хар захад алдагдсан эсэх нь эцэслэн тогтоогдох боломжгүй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам (АН)-ын сайтад нэвтрэхдээ регистрийн дугаараа оруулснаар тухайн иргэний оршин суух хаяг харагдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан юм. Тэгвэл энэ асуудлаар иргэн З.Баяндаваа зохих ёсны байгууллагад шалгуулахаар гомдол гаргасныг манай сайт мэдээлж байв.

Тэгвэл иргэнийн гомдлыг үндэслэн Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ энэ талаар мэдээлэл өглөө.

Дээрх мэдээлэл мөн хар зах дээр $650-аар зарагдаж байгааг иргэн З.Баяндаваа онцолж байв. АН-ын цахим хуудсанд иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй нь тогтоогдсон учраас ХЭҮК-оос Ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулсан байна. 

Шинжээчид АН-ын мэдээлэл, технологи хариуцсан нарийн бичиг болон тус цахим хуудсыг гүйцэтгэсэн компаниас тодруулга авчээ.

Улмаар

  • 2026 оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар AN.mn цахим хуудасны бүртгэлийн хэсэгт регистрийн дугаарыг оруулахад оршин суугаа хаягийн тодорхойлолт, намын гишүүнчлэлийн мэдээлэл автоматаар харагдсан ба эдгээр хувийн мэдээллийг цахим хуудасны өгөгдлийн сангаас ашиглаж байв.
  • Өгөгдлийн санд иргэдийн регистрийн дугаар, хүйс, овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг агуулсан 2.1 сая орчим бичлэг хадгалагдаж байсан бөгөөд утасны дугаарыг хэрэглэгчдэд харагдахгүй байдлаар тохируулжээ.  
  • Цахим орчинд дээрх мэдээлэл тарсны дараа программ хөгжүүлэгчид зөвхөн намын бүртгэлтэй гишүүдийн мэдээллийг ил гаргах, намын гишүүн бус иргэдийн мэдээллийг нууцлах тохиргоог хийсэн байна.
  • АН-ын дээрх мэдээлэл нь улс төрийн мэдээллийн сан зэрэг гаднын эх сурвалжаас бус дотоод өгөгдлийн сангаас татаж ашиглаж байгаа нь кодын шинжилгээгээр тогтоогдсон. Уг мэдээллийн санг Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн үеэр улс төрийн намуудад олгодог сонгогчдын нэрсийн жагсаалтад үндэслэн бүрдүүлсэн аж.
  • Улсын бүртгэлийн байгууллагаас улс төрийн намд олгосон сонгогчдын нэрсийн жагсаалтыг хоёр зорилгоор ашиглах ёстой. Үүнд сонгогчдын дунд давхцал байгаа эсэх болон сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэгдсэн эсэхийг л шалгадаг.
  • Тиймээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг энэ зорилгоос гадуур ашигласан нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай болон сонгуулийн үйл ажиллагааны талаарх манай улсад мөрдөгдөж буй хуулийг зөрчиж байгааг тогтоосон. 
  • Мөн дээрх мэдээлэл хар зах дээр зарагдаж байгааг эцэслэн тогтоох баримт олдсонгүй. Мэдээллийн сангийн серверийн байршлыг өөрчилсөн, халдлагад өртсөн байж болзошгүй гэх хугацаанд ашиглагдаж байсан мэдээллийн сан устгагдсан тул цахим хуудас кибер халдлагад өртсөн эсэхийг эцэслэн тогтоох боломжгүй байна. 
  • Цаашдаа 1.1 сая иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан эсэхийг эцэслэн тогтоох, зарын мэдээллийг цахим хуудаснаас устгуулах арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хамтран ажиллах шаардлагатай.
  • Түүнчлэн АН-ын зүгээс гишүүдийнхээ хувийн мэдээллийг цуглуулахдаа аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллаагүй байна.

Энэ бүгдийг үндэслэн тус намд гурван зөвлөмж хүргүүлсэн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг зохих ёсны байгууллагад буцааж өгсөн эсэхийг баталсан баримтыг 30 хоногийн дотор ирүүлэхийг шаардаж байгааг ХЭҮК-ын дүгнэлтэд дурджээ.