Эрдэмтэд хар нүхний цацаргалтын хүч, хурдыг анх удаа хэмжжээ
Эрдэмтэд хар нүхний дэлбэрэлтээс үүсэж буй цацраг туяаны хүч, хурдыг анх удаа хэмжиж чадсанаа зарлажээ.
Манай нарны аймагт харьцангуй ойр оршдог уг хар нүхний цацаргалтын хүч 10,000 нартай тэнцэх хэмжээтэй, хурд нь ойролцоогоор 540 сая км/цаг буюу гэрлийн хурдны тал орчимтой тэнцэхээр байсныг олон улсын эрдэмтдийн баг Пүрэв гарагт нийтлүүлсэн тайландаа бичсэн байна.
Дэлхийгээс 7,200 гэрлийн жилийн зайд оршдог Cygnus X-1 нь тавь гаруй жилийн өмнө нээгдсэн анхны хар нүх бөгөөд дэргэдээ цэнхэр аварга одтой хослон оршдог ажээ.
Нэг гэрлийн жил нь 9.7 их наяд километртэй тэнцэх зай юм.
Оксфордын Их сургуулийн Стив Прабу болон түүний баг дэлхийн телескопуудын сүлжээгээр дамжуулан 18 жилийн турш цуглуулсан өндөр нягтралтай радио дүрслэлд үндэслэн судалгааныхаа үр дүнг гаргажээ.
Тэдний судалгааны тайлан өчигдөр Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Өмнө нь хар нүхний цацаргалтын хүчийг хэдэн арван мянган жилийн дунджаар тооцоолох шаардлагатай байсан бол Прабугийн баг компьютер загварчлал ашигласнаар богино хугацаанд шийдвэрлэж чаджээ.
Тэдний гол нээлт нь хар нүхэнд татагдан унаж буй бүх эрчим хүчний 10 орчим хувь гадагш цацардгийг тогтоосон явдал юм байна.
Cygnus X-1 хар нүх харилцан нэгнээ тойрон эргэдэг цэнхэр аварга одноосоо хий тасралтгүй татаж байдаг ажээ.
1960-аад оны үед нээгдсэн энэхүү хос систем нь манай Сүүн замын галактикийн Cygnus буюу Хун одны ордонд байрладаг юм байна.
Цэнхэр аварга од нь хар нүхээ тэжээж, “залгих болон цацаргах зүйлээр хангадаг” гэж Прабу тайлбарлажээ.
Одоо түүний баг бусад хар нүхнүүдийг хэмжихэд өөрсдийн боловсруулсан арга техникийг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
