"Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдаж байгаа явган хүний гүүрэн байгууламжийг долоодугаар сард ашиглалтад оруулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 метрийн урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил маргааш эхлэх бөгөөд баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг өглөө 08:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний 23:00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар болоод буй.

Тус байршлын явган хүний гүүрэн байгууламжийг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй зорчино хэмээн тооцоолсон болохыг албаны эх сурвалж мэдээлэв.

Харин Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг бүрэн дууссан байна.

Нүхэн гарцад нийт 2,900 метр урттай авто замын гэрэлтүүлгийг ашиглалтад оруулсан нь шөнийн цагт үүсэх “сохор бүс”-гүй болгожээ.