Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийт дөрвөн байршилд төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих ажлыг эхлүүлж, эхний ээлжийн буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд дуусгаж хөдөлгөөнийг нээсэн билээ.
Одоогоор нүхэн гарцаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бол явган зорчигчид хуучин төмөр зам дээгүүрх явган хүний гарцаар зорчиж байгаа юм. Тус нүхэн гарц нь хоногт 32,500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд ирэх хавраас гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээллээ.
Зам тээврийн сайдын тушаалаар тус байршлын "Улаанбаатар төмөр зам"-ын гол замын 396 дугаар километрт байрлах авто зам, төмөр замтай нэг түвшинд огтлолцох гармыг 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хаасан бол явган хүний гарцыг 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн татан буулгахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!