ГЕГ: Гаалийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэж амьд цэцгийг хилээр нэвтрүүлдэг

А.Төгөлдөр, iKon.mn
56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад импортоор орж ирж буй зарим нэг төрлийн амьд цэцэг “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. 

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ГЕГ-аас амьд цэцгийг хилээр оруулахад лабораторийн шинжилгээний дүнг үндэслэдэг бөгөөд "импортын гэрчилгээ" олгодог болохыг тайлбарлалаа. 

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/161 дүгээр тушаалын дагуу Ургамал хамгааллын газраас “Импортын мэдэгдэл” авах шаардлагатай байдаг.

Ургамал хамгааллын газар тухайн барааны эрсдэлийг тооцож, импортын мэдэгдлийг олгодог.

Амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрэх үед доорх баримт бичгийг бүрдлийг хангуулан лабораторийн шинжилгээнд хамруулж харьяа гаалийн газар, хороодоос "импортын гэрчилгээ"-г олгож гаалийн хилээр нэвтрүүлдэг. Үүнд:

  • Мэргэжлийн байгууллагаас олгосон “Импортын мэдэгдэл”
  • Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”
  • Гадаад худалдааны дагалдах баримт бичиг
  • Лабораторийн шинжилгээний дүгнэлт

Амьд цэцгийн импортын тухай, 2026 оны эхний нэг сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцгийн импорт сүүлийн гурван жилийн дотор 2.9 дахин өсжээ.

  • 2023 он - 4.2 сая ширхэг
  • 2024 он - 6.8 сая ширхэг 62% өссөн
  • 2025 он - 12.2 сая ширхэг 80% өссөн

Илгээгч улсаар задалж үзвэл:

  • БНХАУ-аас 297.0 мян.ам.долларын 949,327 ширхэг;
  • Эквадор улсаас 11.0 мян.ам.долларын 6,855 ширхэг;
  • Нидерланд улсаас 23.6 мян.ам.долларын 17,010 ширхэг;
  • БНСУ-аас 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.

ВИДЕО ҮЗЭХ: