Б.Жавхлан: “Сенчири-5" бонд нь өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах зорилготой
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа.
Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа.
“Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан.
Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн. Өмнө нь жил бүр дахин санхүүжүүлэлт болон зохицуулалтын арга хэмжээг авахдаа биеэр хийж байсан.
Энэ удаагийн роуд шоуны үеэр өмнөхтэй харьцуулбал асуулт багатай болж өнгөрлөө. Энэ удаагийн өрийн зохицуулалтын арга хэмжээ эхлэх үед эрчимтэй цэргийн ажиллагаа явж буй байдал үүсээгүй байсан. Хаврын тодорхойгүй байдал үргэлжлэх эрсдэлтэй байгааг урьдчилан харж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар гаргасан нь сайн хэрэг боллоо.
Бондын захиалгад Ази, Америк, Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин өндөр санал ирлээ.
Энэ удаагийн бондын эрсдэлийн хувь нь 2.22 буюу Засгийн газрын бондын түүхэнд хамгийн бага эрсдэлийн түвшинтэй гарсан бонд боллоо. Эрсдэлийн түвшин ингэж бага гарсан нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж буй хэрэг болсон" гэв.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
