Оросын интернэтийн платформ Яндексыг үүсгэн байгуулагч Аркадий Воложтой хийсэн дэлгэрэнгүй ярилцлага өчигдөр Блүүмбэрг агентлагийн сайтад нийтлэгджээ.
Тэрбээр одоо Израильд оршин сууж байгаа юм.
Волож 2023 онд Оросын эрх баригчдын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг шүүмжилсэн утгатай мэдэгдэл хийж байжээ.
“Бусдын нэгэн адил миний найз нөхөд, төрөл төрөгсөд амьдардаг Украин улсын эсрэг явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг би эрс эсэргүүцдэг. Украины айл өрхүүд өдөр бүр бөмбөгдүүлж байгааг сонсох надад аймшигтай байна” гэж тэр мэдэгдэж байсан юм.
Үүнээс хойш нэг сарын дараа 2023 оны есдүгээр сард Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ мэдэгдлийн талаар сэтгэгдлээ ярьж байжээ.
“Тэр одоо Израильд амьдардаг. Мэдээж тэнд амьдрахын тулд эрх баригчидтай нь сайн харилцаатай байх хэрэгтэй. Тиймээс тэр албадлагаар ийм зүйл хэлсэн байх. Тэр удаан чимээгүй амьдарсны дараа ийм зүйл ярихаар шийдсэн бололтой. Ямартай ч түүнийг бурхан ивээж, тэндээ эрүүл саруул, сайн сайхан амьдраасай” гэж тэр Воложийн мэдэгдлийн талаар ярьсан юм.
Путин бас Воложийн ярьсан зүйл Оросын төрийн бодлогод нөлөөлөхгүйг хэлснээс гадна Воложийг авьяаслаг хүн гэж магтаж байжээ.
Онгоцны ослоор амиа алдсан Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний талаар өмнө нь Путин яг ижил утгатай зүйл ярьж байсан юм.
Путиний ярьсан таагүй зүйлд эвгүйрхсэн Волож үүний дараа хувийн хамгаалалтаа чангатгаж байжээ.
Украины дайн эхэлсний дараа Оросын зах зээлээс Өрнөдийн компаниуд гарч эхлэхтэй зэрэгцэн Волож өөрийн үүсгэн байгуулсан Яндекс платформынхоо Орос дахь салбарын эзэмшлийг зарсан юм.
Дайн эхэлсний дараа Кремлийн эрх баригчид интернэт орчинд тавих хяналтаа чангатгасан нь үүнд бас нөлөөлжээ.
Украины дайн эхэлснээс хойш бараг жил, хагасын дараа дайныг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн шалтгаанаа Волож компанийнхаа олон мянган ажилтанд ОХУ-аас гарч явах боломж олгох гэсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна.
Тэрбээр энэ нүүдлийг эртний Египетээс жүүдүүд нүүдэллэсэн түүхэн үйл явдалтай зүйрлэжээ.
Украиныг эзлэн түрэмгийлсэн явдалтай холбогдуулан Европын Холбоо 2023 оны зургаадугаар сард Аркадий Воложийг хориг арга хэмжээгээр шийтгэж байсан юм.
Үүний дараа 2024 оны хоёрдугаар сард Волож бизнесийн бүтцээ өөрчилж, Нидерландад бүртгэлтэй Yandex N.V компаниа Nebius Group NV болгон өөрчилжээ.
Улмаар 2024 оны гуравдугаар сард Европын Холбоо түүний хүсэлтээр нэрийг нь хар жагсаалтаасаа хассан байна.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!