Уншиж байна ...
Зураг
Зураг

Францын нэг тосгон өөртэй нь ямар ч холбоогүй хүнээс 10 сая евро өвлөж авсан байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Тибервилл тосгоны захиргааны байр

Усан үзмийн тариалан эрхэлдэг байсан эцэг эхээсээ их хэмжээний хөрөнгө өвлөж авсан Рожер Тибервилл гэдэг эрхэм наймдугаар сард 91 насандаа таалал төгсжээ.

Цаг уурч мэргэжилтэй тэрбээр эцэг эхээсээ өвлөж авсан Парис хотын орон сууцанд бүх насаараа амьдарсан юм байна.

Сонирхолтой нь тэр 10 сая еврогийн хөрөнгөө өөрийнх нь нэртэй ижил нэртэй Францын нэгэн жижиг тосгонд өвлүүлжээ.

Норманди мужийн 1,773 оршин суугчтай Тибервилл тосгонд ноён Тибервилл хэзээ ч очиж байгаагүй гэнэ.

Зөвхөн ижил нэртэй гэсэн үндэслэлээр тэр хөрөнгөө ийнхүү өвлүүлжээ.

Тибервилл тосгоны дарга Гай Парис жилийн төсвөөс нь тав дахин их энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа мэдэхгүй балмагдаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

“Энэ бол асар их мөнгө. Бүр бидний төсөөлж байгаагүй их мөнгө. Бид одоохондоо үүнийг хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байна” гэж тэр орон нутгийн радиод ярьжээ.

“Бид бүгдийг нь үрэхгүй. Бид энэ хөрөнгөд тосгоныхоо төсвийг хэрхэн ухаалаг, хариуцлагатай зарцуулдаг шигээ хандах болно” гэж тэр цааш нь ярьсан байна.

Одоо тус тосгоны захиргаа бага сургууль байгуулахаар банкнаас авсан 400,000 еврогийн өрөө төлж байгаа ажээ.

Тосгон олон нийтийн төлөөллийн байгууллага тул хуулиар өв залгамжлалын татвар төлөхгүй юм байна.

Ноён Тибервилл хөрөнгө өвлөж авсан хүмүүсээс өөрийнх нь чандрыг тосгоны оршуулгын газарт байрлуулахыг хүссэн ганцхан гэрээслэл бичиж үлдээжээ.

“Ноён Тибервилл хөрөнгө өвлүүлснийхээ төлөө өөр юуг ч хүсээгүй байна. Бид ядаж энэ хүслийг нь гүйцээх болно” гэж Парис дарга ярьсан байна.

Тибервилл бол 19 дүгээр зууны үеийн сүм хийдүүдтэй, дээр үед туузны үйлдвэрлэл хөгжиж байснаас өөр гайхуулах зүйлгүй Нормандийн жирийн тосгон юм.

Өмнө нь тус тосгонтой нэгдэх гэж байгаад больсон хөрш Лэ Планкай, Ла Шапел Арен гэдэг нийт 2,000 орчим оршин суугчтай хоёр тосгоныхон одоо амаа барьж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP