Уншиж байна ...
Зураг
Зураг

"Хамтарсан Засгийн газрын үед Улаанбаатар хотын олон жил цэрвэж, гар хүрдэггүй байсан асуудлуудыг шийдвэрлэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын анхдугаар хуралдаан өчигдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Хоёр сая орчим хүнтэй хотод тохирсон ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, хүнсний хангамж, нийтийн тээврийн хэрэгслийг шийдвэрлэх том үүрэг хариуцлага хамтарсан Засгийн газар болон НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын газрын өмнө ногдож байгаа. Бид дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд хамтарсан Засгийн газрын үед Улаанбаатар хотын олон жил цэрвэж явсан, гар хүрдэггүй байсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг Засгийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгасан" гэв.

Сонгинохайрхан дүүргийн Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, Баянгол дүүрэгт III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Чингэлтэй дүүрэгт Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог,  Баянзүрх дүүрэгт Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ. Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байгаа аж.

Энэ талаар тэрбээр "Айлуудад баллонтой хий зөөж өгдөг үйлчилгээг зохион байгуулна. 22,000 айлд Польш улсад үйлдвэрлэсэн LPG зуухыг авахаар судалгаа хийж байгаа. Уг зуухуудыг Газ үйлдвэрлэгчдийн холбоо нийлүүлэхээр ярилцаж байна. Гэрийн гадна талд жижигхэн нүх ухаж баллоноо суурилуулахаар төлөвлөсөн" гэж танилцууллаа.

Хурлын үеэр "Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ.

Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургаадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулна.

Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарсан. 

Нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлана.

ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа"-г танилцуулав.

Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцжээ.