Уншиж байна ...
Зураг
Зураг

Тувагийн иргэний бичиг баримттай Умард Солонгосын хоёр цэргийг Украины арми олзолжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрээс Умард Солонгосын хоёр цэргийг олзолсноо Украины эрх баригчид Бямба гарагт зарлажээ.

Украины тал өмнө нь хэд хэдэн хүнд шархтай цэргийг олзолсон ч удалгүй шархаа даалгүй нас барж байсан юм.

Харин энэ удаа олзолсон цэргүүдээ байцааж, Оросын эзлэн түрэмгийлэх дайнд Умард Солонгос оролцож байгааг батлах анхны баримтыг цуглуулж чаджээ.

“Манай цэргүүд Курск мужийн нутгаас Умард Солонгосын цэргүүдийг олзоллоо. Олзлогдсон хоёр цэрэг шархадсан байсныг Киевт авчирч, аюулаас хамгаалах албаныхан мэдүүлэг авч байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа бичсэн байна.

зураг
 

Умард Солонгосын цэргүүдийг амьдаар олзлох хэцүү байсан нь “Умард Солонгос дайнд оролцож байгааг батлах баримтыг устгахын тулд Оросууд шархадсан цэргүүдийг алдаг”-тай  холбоотой гэж Зеленский тайлбарлажээ.

Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа “Умард Солонгосын анхны олзлогдогсод одоо Киевт байна. Тэд хөлсний цэргүүд биш, БНАСАУ-ын армийн ердийн байлдагчид байна. Бид Москва болон Пёньяны дэглэмүүдэд үзүүлэх шахалтаа улам эрчимжүүлэх хэрэгтэй” гэж бичсэн байна.

Цэргүүд орос, украин аль ч хэлээр ярьдаггүй тул солонгос хэлний орчуулагчаар дамжуулан харьцаж байгаа гэнэ. Ингэхдээ Өмнөд Солонгосын тагнуулын албанаас тусламж дэмжлэг авч байгаа ажээ.

Тэдний нэг нь болох 26 настай цэрэг Тувагийн иргэний бичиг баримттай байсан бол нөгөө цэрэг нь ямар ч бичиг баримтгүй байсан байна.

Эрүүндээ шархадсаны улмаас ярих боломжгүй байгаа цэрэг бичгээр мэдүүлэг өгөхдөө өөрийгөө 2024 оны наймдугаар сард Оросын армитай хамтарсан байлдааны сургуулилалтад оролцохоор ирж байснаа мэдүүлжээ. Тэрбээр өөрийгөө дайнд явж байгааг мэдээгүй гэнэ.

1999 онд төрсөн энэ цэрэг 2016 онд Умард Солонгосын армид алба хааж эхэлснээ мэдүүлжээ.

Нөгөө цэрэг нь 2005 онд төрсөн, 2021 онд армид татагдсанаа мэдүүлсэн байна.

Хоёр цэрэг Пүрэв гарагт өөр өөр газраас десантын цэргүүдэд баривчлагдсаныг Украины тал мэдээлжээ.

Тэдэнд зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, олон улсын стандартын дагуу нөхцөл байдалд байлгаж байгаагаа Украины аюулаас хамгаалах алба СБУ мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP