Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын жилийн цалингийн хэмжээ энэ онд 3 хувиар өсөж, 262.5 сая вон ($178,071) болж буйг тус улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.
Энэ онд тус улсын төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ өмнөх оноос гурван хувиар нэмэгдэж байгаа бөгөөд үүнд ерөнхийлөгчийн цалин ч хамрагдахыг Өмнөд Солонгосын хүний нөөцийн удирдлагын яам Ням гарагт мэдээлсэн юм.
Тус улсын парламент арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь тухайн сарын 3-ны өдөр улс орон даяар цэргийн дэглэм зарласан үйлдэлтэй нь холбоотой арга хэмжээ байв.
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч цалингаа бүрэн авах нь зөв эсэх асуудал нийтийн дунд яригдаж эхэлсэн юм.
Одоо Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх Юн Сүк Ёлыг огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Хуулийн дагуу шүүх уг асуудлыг хүлээж авснаасаа хойш 180 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Хэрвээ огцруулбал ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлах юм.
Гэвч бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгчийн цалинг бууруулах талаар хуульд ямар нэг заалт байхгүйг засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
“Ерөнхийлөгчийн цалинг бууруулахын тулд хуулийн тодорхой заалт байх шаардлагатай. Одоогоор үүнтэй холбоотой ямар нэг заалт байхгүй тул цалинг бүрэн олгоно” гэж яамны төлөөлөгч хэлсэн байна.
Өнгөрсөн сард гол сөрөг хүчин болох Ардчилсан Намын хууль тогтоогчид бүрэн эрхээ түдгэлзүүлсэн төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах өөрчлөлтийг Төрийн Албаны хуульд нэмж оруулах саналыг өргөн барьжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!