Уншиж байна ...
Зураг
Зураг

Швед улс Балтийн тэнгисийн аюулгүй байдлыг хангах зорилгоор байлдааны хөлгүүдээ илгээнэ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгис дэх дэд бүтцийн аюулгүй байдлыг хамгаалах НАТО-гийн арга хэмжээний хүрээнд Швед улс гурав хүртэл тооны байлдааны хөлөг, нэг тагнуулын нисэх онгоц илгээх болсныг өчигдөр зарлажээ.

Сүүлийн жилүүдэд Балтийн тэнгисийн ёроолд байрладаг харилцаа холбоо, эрчим хүчний кабел шугамууд, хий дамжуулах хоолойнууд дараалан гэмтэх болсныг Оросын талаас явуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа гэж бүс нутгийн орнууд сэжиглэж байгаа.

Хамгийн сүүлд Өрнөдийн хоригийг зөрчин Оросын газрын тосыг гадаад зах зээлд тээвэрлэн хүргэдэг ачааны хөлөг Балтийн тэнгисээр зорчихдоо зангуугаа зориуд чирч явсны улмаас Финланд, Эстони улсуудыг холбодог хэд хэдэн кабел шугамыг гэмтээж байв.

Балтийн тэнгист хөлгүүдээ илгээх шийдвэрийг өчигдөр зарлахдаа Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон “Швед улсад дайн болоогүй байна. Гэхдээ бас энх тайван ч тогтоогүй байна. Жинхэнэ энх тайван бол эрх чөлөөтэй байхад, улс орнуудын хооронд ноцтой зөрчилдөөн байхгүй байх үед тогтдог. Гэтэл өнөөдөр бид болон манай хөршүүд робот, эсвэл цэргийн халдлагад бус, компьютер, мөнгө, худал мэдээлэл, хорлон сүйтгэх эрсдэл зэрэг хайбрид халдлагад өртөж байна. Энх тайвныг хүсэж байгаа бол дайнд бэлэн байх ёстой” гэж хэлжээ.

Швед улс ASC-890 тагнуулын нисэх онгоц болон тэнгисийн флотын гурван байлдааны хөлгийг Балтийн тэнгист илгээх болсныг тэр дараа нь мэдэгдсэн байна.

“Энэ бол Швед улс өөрийн ойролцоо бүс нутагт зэвсэгт хүчнээ оруулж буй анхны тохиолдол юм” гэж Кристерссон хэлжээ.

Финланд, Эстони улсуудыг холбосон харилцаа холбоо, эрчим хүчний кабел шугамуудыг Оросын газрын тосыг тээвэрлэж явсан “Eagle S” хөлөг санаатай гэмтээсэн хэрэгт саатуулагдан шалгагдаж байгаа.

Уг хөлгийн чирч яваад орхисон зангууг саяхан Шведийн байлдааны хөлөг тэнгисийн ёроолоос олж, Финландын талд хүлээлгэж өгсөн юм.

“Швед улс ямар ч үндэслэлгүйгээр хэн нэгнийг хорлон сүйтгэх ажиллагаанд буруутгахгүй. Ажил үргэлжилж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл асуудлыг шалгаж байна. Гэхдээ бид бас тийм гэнэн биш. Аюулгүй байдлын одоогийн нөхцөл байдал болон Балтийн тэнгист хачирхалтай зүйлс байн байн тохиолдож байгаа нь хорлон сүйтгэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Хөлөг онгоц санамсаргүйгээр 300 метр урт гинжтэй зангууг 100 гаруй километр газарт чирч, эвдрэл гэмтэл учруулсныг ойлгоход хэцүү юм” гэж тэр ярьжээ.

Балтийн орнуудын удирдагчид Мягмар гарагт Финландын нийслэл Хельсинки хотод энэ асуудлаар уулзах болсныг Кристерссон энэ үеэр мэдээлсэн юм.

Швед улс одоо үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.4 хувийг НАТО-гийн хамтын батлан хамгаалах зардалд төлж байгаа бөгөөд ойрын гурван жилийн дотор энэ хэмжээг 2.6 хувьд хүргэх гэнэ.

Бас иргэний хамгаалалтын системээ бэхжүүлэхэд 2030 он хүртэл 37.5 тэрбум крон зарцуулж, кибер аюулгүй байдлын үндэсний шинэ төвийг байгуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Associated Press