Уншиж байна ...
Зураг
Зураг

Мета компани энэ онд багтаан дундаж инженерүүдийн ажлыг хиймэл оюунд шилжүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нэг үе дэлхийн хамгийн өндөр эрэлттэй мэргэжлүүдийн нэгд тооцогддог байсан программын инженерийн ажлын байрыг хиймэл оюунт машинууд орлох цаг иржээ.

Баасан гарагт Joe Rogan Experience подкастын ярилцлагад оролцохдоо Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг энэ чиглэлд эхний алхмаа хийхэд бэлэн болсон талаар өгүүлсэн байна.

“Бусад компаниудын нэгэн адил Мета ч бас энэ чиглэлд ажиллаж байгаа. Ерөнхийдөө 2025 оноос эхлэн код бичдэг дундаж инженерүүдийн ажлыг хиймэл оюун гүйцэтгэдэг болох байх” гэж тэр ярьжээ.

Эхэн үедээ өртөг өндөртэй байж болох ч яваандаа Мета компанийн бүх аппликэйшнүүдийн программ хөгжүүлэлтийн ажлыг хиймэл оюун бүрэн хариуцдаг болох ирээдүй харагдаж байгааг Закербэрг хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоног Мета компанийн хувьд чухал үйл явдлаар дүүрэн байсан юм.

Мягмар гарагт тус компани Фэйсбүүк, Инстаграм платформуудын мэдээллийн үнэн зөвийг нягтлах (fact-checking) үйл ажиллагааг гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлдэг байснаа зогсоох шийдвэрийг зарласан.

Оронд нь Илон Маскийн Х платформын ашигладаг “Community Notes” аргыг хэрэглэхээр болсон байна. Энэ нь тухайн платформын хэрэглэгчид өөрсдөө мэдээллийн үнэн зөвд хяналт тавьдаг систем юм.

Ингэснээр Мета компанийн платформууд дээр улс төрийн агуулгатай мэдээлэл чөлөөтэй түгээгдэх боломж нээгдэж байна.

Зарим баримт нягтлагч (fact-checker) байгууллагууд Закербэргийн зарласан шийдвэрийг Мета компанийн хувьд “ухралт боллоо” хэмээн шүүмжилцгээж байна.

 

Эх сурвалж: Business Insider