Уншиж байна ...
Зураг
Зураг

Трампын зөвлөх асан Илон Маскийг “жинхэнэ ад чөтгөр” гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын ойрын хүрээлэл дунд дэлхийн тэргүүн баян Илон Маскийн өсөн нэмэгдэж буй улс төрийн нөлөөг эсэргүүцэж, шүүмжилсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

Тэдний нэг Трампын өмнөх засаг захиргааны үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Стив Бэннон юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Италийн “Corriere della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр жинхэнэ ад чөтгөр, маш муу хүн. Би энэ залууг дарахыг өөрийнхөө хувийн зорилго болгосон. Өмнө нь түүний мөнгөнд болоод би тэвчиж байсан. Харин одоо цаашид тэвчих боломжгүй” гэж Бэннон ярьжээ.

Тэрбээр цааш нь “Би нэгдүгээр сарын 20-ны тангараг өргөх өдөр гэхэд Илон Маскийг зайлуулна. Тэр Цагаан ордонд нэвтрэх эрхгүй, бусад жирийн хүмүүсийн адил нэгэн болно” гэж хэлсэн байна.

Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх юм.

зураг
 

Өнгөрсөн онд болсон сонгуулиар Маск нь Трампын хамгийн том ивээн тэтгэгч болж, нийтдээ $270 саяыг зарцуулсан гэх мэдээлэл бий.

Сонгуульд ялсныхаа дараа Трамп түүнийг төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан албан тушаалд томилохоо мэдэгдсэн.

Ингэснээр АНУ-ын холбооны засаг захиргааны нийт төсвийг дөрөвний нэгээр буюу $2 их наяд хүртэл хэмжээгээр танах ажлыг Маск хариуцахаар болж байгаа.

Гэвч сонгуулийн дараа Трампын хүрээлэл дунд эхний хагарал гарсан нь H-1B төрлийн визтэй холбоотой маргаан байлаа.

Уг визээр АНУ-ын технологийн компаниуд гадаадын ур чадвартай мэргэжилтнүүдийг татдаг. Өмнөд Африк гаралтай Маск бас өөрөө энэ визээр АНУ-д ирж байжээ.

H-1B визийг хэвээр үлдээхийг Маск дэмжиж байсан бол Трампын хүрээлэл дэх хэт барууны үзэлтнүүд бүх төрлийн цагаачлалыг хориглох хүсэлтэй байв.

“H-1B визийн асуудал бол технологийн салбарын эзэд манай цагаачлалын системээр тоглодгийн нэг жишээ юм. Тэд үүнийг өөрт ашигтайгаар эргүүлдэг. Үүнд нь ард түмэн бухимдаж байна” гэж Бэннон ярьжээ.

Стив Бэннон нь өөрийгөө Трампын MAGA (Make America Great Again) хөдөлгөөний гол үзэл сурталч, архитектор гэж үздэг.

Ярилцлагадаа тэр Питер Тил, Дэвид Сакс зэрэг бусад Өмнөд Африк гаралтай технологийн тэрбумтнууд руу дайрсан байна.

“Тэр (Маск) Өмнөд Африк руугаа буцвал таарна. Яагаад бид дэлхийн хамгийн их арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй Өмнөд Африкийн цагаан арьстнуудыг өөгшүүлээд байдаг юм бэ? Яагаад тэд АНУ-д юу болох болохгүйг хэлдэг юм бэ?” гэж Бэннон ярьжээ.

Түүний үзэж байгаагаар Маскийн цорын ганц зорилго бол “их наядтан” болох гэнэ.

Маскийг “дэлхийн хэмжээнд техно-феодализм тогтоох” хүсэлтэй гэж шүүмжилсэн Бэннон “Би түүнийг дэмжихгүй, түүний эсрэг тэмцэх болно. Тэр надтай тэмцэж чадахгүй. Түүний төлөвшил жаахан хүүгийн хэмжээнд байгаа. Тэр өөрийн компаниудыг ашигтай байлгах, илүү их мөнгө олохын тулд юуг ч хийх хүн. Тэр хөрөнгөө арвижуулж, дараа нь үүгээрээ дамжуулан эрх мэдэлд хүрэх цорын ганц зорилготой” гэж ярьжээ.

  

Эх сурвалж: The Guardian